Нүүр УБТЗ ХНН Нефтийн бүтээгдэхүүний импортын тээвэрлэлтийг 400 мянган тонноор нэмэгдүүлнэ
УБТЗ ХНН

Нефтийн бүтээгдэхүүний импортын тээвэрлэлтийг 400 мянган тонноор нэмэгдүүлнэ

G.Press 1 жилийн өмнө 161 үзэлт 0 сэтгэгдэл

 

Зөвлөгөөний протколд гарын үсэг зурах ёслолын дараа УБТЗ ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан хэвлэлд хандаж хэлэхдээ “Төмөр замаар 2025 онд тээвэрлэх ачааны хэмжээг тохиролцох зөвлөгөөн амжилттай болж, протоколд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны байгууллагын гишүүн 12 орон нийтдээ 130 сая орчим тонн ачааг тээвэрлэхээр тохиролцлоо. Монгол Улсын хувьд экспорт, импорт, дамжин өнгөрөх ачааны нийт хэмжээ 22 сая тонн байхаар тохиролцсон. Энэ 22 сая сая тонн дотор дамжин өнгөрөх ачаа 5 сая тонн байгаа, бусад нь манай экспорт импортын ачаа байгаа. Нэг зүйлийг онцолж хэлэхэд Монгол Улс өнгөрсөн онд 2.4 сая тонн нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэж байсан бол энэ жил 400 мянган тонноор нэмэгдэж 2.8 сая тонныг импортоор оруулж ирэхээр ОХУ-тай тохиролцлоо.

 

 

Ташрамд дурдахад УБТЗ 2025 онд нийтдээ 34 сая тонн ачаа тээхээс 22 сая тонн нь гадаад худалдааны ачаа, 12 сая тонн нь дотоод дахь орон нутгийн тээвэр байх юм. Энэ бүх тээврээ бид хэрхэн, яаж зохион байгуулах талаар ОХУ, БНХАУ, Казакстан Улс, БНСУ, Япон, БНСВУ-ын төмөр замуудтай тохиролцлоо. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Вьетнам улсад айлчлахдаа 30 мянган тонн будаа тээвэрлэх асуудлыг ярилцсан. Будааг халуун дулааны улиралд тээвэрлэвэл муудаж, хөгцөрдөг ачаа учраас сэрүүний улиралд Монгол Улсад тээвэрлэж оруулж ирэх талаар Хятадын болон Вьетнамын төмөр замынхантай тохиролцсон.

Өнгөрсөн жил бид гадаад худалдааны 21 сая тонн ачаа тээвэрлэсэн бол энэ жил 22 сая тонныг тээвэрлэхээр боллоо. Ингэж Монгол Улсаар дамжин өнгөрөх болон Монгол Улсын импорт экспортын ачааны хэмжээ нэмэгдэж байгаа нь Монгол Улсын эдийн засагт эерэгээр нөлөөлж, валютын орлого, нөөцийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Цаашдаа ирэх жилүүдэд өмнөхөөсөө илүү ачаа тээвэрлэхээр зөвлөгөөнд оролцогч талуудтай ярилцаж тохирсон.

Ийнхүү энэ удаагийн зөвлөгөөн нь ачаа тээврийн шинэ нэр төрлийг олшруулж, хэмжээг нэмэгдүүлж чадсан амжилттай өндөрлөж байна” гэв.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.