Зам, тээврийн салбарын үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, хүний нөөц, төрийн үйлчилгээг олон нийтэд сурталчлах зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг” гурван өдөр болж өндөрлөлөө. Өдөрлөгийн нээлтийн үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан оролцож, салбарын бодлого, хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр хэлсэн үгэндээ, энэ жил иргэний нисэх, авто тээвэр, төмөр замын салбарын хувьд түүхэн ач холбогдолтой он тохиож байгааг онцоллоо. Тухайлбал, МИАТ компани байгуулагдсаны 70, УБТЗ-ын 77 жилийн ой тохиож буйг тэмдэглэн салбарын нийт ажилтан, албан хаагчдад баяр хүргэв. Зам, тээврийн салбар нь улс орны эдийн засаг, хөгжлийн суурь болохыг тэрээр онцолж, Засгийн газар болон ЗТЯ-наас авто зам, төмөр зам, иргэний нисэх, тээвэр логистикийн томоохон бүтээн байгуулалтуудыг үе шаттай хэрэгжүүлж байгааг дурдсан юм. Мөн зөвхөн бүтээн байгуулалтаар хязгаарлахгүйгээр иргэд, аж ахуйн нэгжүүдэд учирдаг хүндрэл, хүнд суртлыг бууруулж, төрийн үйлчилгээг илүү шуурхай, нээлттэй, хүртээмжтэй болгоход анхаарч ажиллаж байгаагаа илэрхийллээ. Энэхүү өдөрлөгөөр дамжуулан иргэд зам, тээврийн салбарын бодлого, үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төслүүдтэй ойроос танилцахын зэрэгцээ шаардлагатай үйлчилгээ, мэдээллээ нэг дороос авах боломж бүрдэж байгаа юм. Нээлтийн ажиллагааны үеэр УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков үг хэлж, салбарын хөгжилд анхаарал хандуулж буй төр засагт талархал илэрхийлэв. Тэрбээр, УБТЗ нь зөвхөн ачаа болон зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэхээс гадна төмөр замын салбарт орчин үеийн дэвшилтэт технологи, оношилгоо, засвар үйлчилгээний шинэ шийдлүүдийг нэвтрүүлэн ажиллаж байгааг онцлон тэмдэглэлээ. Мөн өдөрлөгийн үеэр төмөр замын салбарын техник, технологийн шинэчлэл, засвар үйлчилгээний тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны шийдлүүд болон байгууллагын үйл ажиллагаатай танилцах боломжийг иргэдэд олгож буйг дурдсан билээ.
Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд иргэд олон нийт, жолооч тээвэрчдэд зориулсан хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшуулалт аянуудыг танилцуулахаас гадна УБТЗ, ИНЕГ, МИАТ, Төмөр замын газар, “Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам”, “Автотээврийн үндэсний төв” зэрэг Зам тээврийн яамны харьяа 22 байгууллага иргэдэд үйлчилгээ үзүүллээ. Тухайлбал, УБТЗ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай галт тэрэгний талаарх танилцуулга хийж, мэдээлэл өгөхөөс гадна галт тэрэгний тасалбарыг онлайнаар захиалах үйлчилгээгээ олон нийтэд танилцуулсан юм. УБТЗ-ын үзүүлэн макетууд иргэдийн анхаарлыг татаж байв. Учир нь төмөр замын эд анги, тоног төхөөрөмжийг нүдээр үзэж, бодит байдал дээр тэр бүр мэдэрч чаддаггүй хос дугуй хэдэн янз байхыг, өргөн, нарийн царигийн ялгаа, зам төмрийн талаар ч мэдлэг, мэдээлэлтэй болж байсан юм. Мөн улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн байршил тогтоох, тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн импортын бүртгэл хийх, тээврийн хэрэгслийн лавлагаа олгох, хасалт хийх зэрэг автотээврийн чиглэлээр мэдээлэл үйлчилгээ өгч байв. Мэргэшсэн жолоочийн шалгалт, лавлагаа өгөх, онлайн тасалбар борлуулалтын системийн үйл ажиллагаатай танилцах, улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээний талаарх мэдээллийг нэг дороос цогцоор нь авч байлаа. Түүнчлэн МИАТ ТӨХК-ийн билет захиалгын үйлчилгээг авахаас гадна АН-2, ТВС-2 онгоц, Хөвсгөлөөс татаж гаргасан дэлхийд тавин ширхэг байдаг “Яг-М6” автомашин нь тус өдөрлөгийн сонирхолтой үзүүлэнгийн нэг байв. Мөн хуучин автомашин болон шинэ техник технологийн үзэсгэлэн, хонжворт сугалааны үйл ажиллагаа зохион байгууллаа.
...үргэлжлэл бий
П.Түмэн
