Нүүр УБТЗ ХНН Наушки-Сүхбаатар хилийн галт тэрэг солилцоо буурав
УБТЗ ХНН

Наушки-Сүхбаатар хилийн галт тэрэг солилцоо буурав

G.Press 7 сарын өмнө 117 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

                                       Долоо хоногийн нэгдсэн хурлыг Замын дарга Х.Хэрлэн удирдлаа. 40 дэх долоо хоногт Замын-Үүд нарийн царигийн өртөөний Нефтийн гармаар галт тэрэг нэвтрэх үед ачааны автомашин урдуур нь дайрч мөргүүлсэн нэг гологдолтой байсан бол 41 дэх долоо хоногт хоёр гологдол гарчээ. Харин дутагдлын хувьд Тээвэр зохион байгуулалтын алба, Эрчим хүч, ус хангамжийн төв, СИРДП-Е хэлтэс, Замын аж ахуйн алба тус бүр нэг, Зүтгүүрийн аж ахуйн албанд гурав, бусдаар хоёр бүртгэгджээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гологдол гурав, дутагдал 156 нэгжээр буурсан байна.

Тайлант долоо хоногт 113 радио галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос 15-аар давсан үзүүлэлт бөгөөд 22 радио галт тэргийг мөрдүүлэн аялуулж, гурван галт тэрэг саатжээ. Оны эхнээс аравдугаар сарын 9-нийг дуустал 25 сая 180.3 мянган тонн ачаа тээвэрлэсэн буюу 96.5 хувийн биелэлттэй байв. Мөн 17 сая 772.8 мянган тонн ачиж, төлөвлөгөөг 95.7 хувиар биелүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт орон нутгийн 253200, транзит 119400, экспорт 223100, импорт 66200 тонн буюу нийт 661900 тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 5.8 мянган тонноор дутуу үзүүлэлт юм.

Дотоодын нүүрс тээвэрлэлтээр “Багануур” ХК төлөвлөгөөнөөс 48 вагон илүү буюу 1857, “Шивээ-Овоо” төлөвлөгөөнөөс зургаан вагон илүү буюу 1050, “Шарын гол” ХК -51 вагон дутуу 621, “Эрдэнэт үйлдвэр” 31 вагон илүү буюу 261 вагон тус тус ачжээ. Дулааны цахилгаан станцууд 20-63 хоног, нийт 224 хоногийн нүүрсний нөөцтэй байна.

Тайлант долоо хоногт 6017 вагон буулгаж, төлөвлөгөөг 100.1 хувиар биелүүлсэн буюу хоногт дунджаар нэг вагон илүү буулгажээ. Хэсгийн хурд 39 км/цагийн төлөвлөгөөг 38.89 км/цагаар биелүүлэн -11 км/цагаар дутуу, өмнөх долоо хоногоос -0.47 км/цагаар удааширсан байна. Зурмагийн тасалдлаас шалтгаалсан 21 галт тэрэг 1512 минут зогсож, хэсгийн хурдыг 0.02 км/цагаар удаашруулжээ. Галт тэрэгний дундаж жин тайлант долоо хоногт 3349.62 тонн болж төлөвлөгөөнөөс +149.62, өмнөх долоо хоногоос +68.19 тонноор нэмэгдсэн байна. Харин зүтгүүрийн бүтээмж 1459.58 мянган бохир тонн/км болж төлөвлөгөөнөөс -10.42 мянган бохир тонн/км-ээр дутуу, өмнөх долоо хоногоос +50.01 мянган бохир тонн/км-ээр илүү байна. Вагон эргэлт 4.9 хоног болж төлөвлөгөөнөөс +0.7 хоногоор нэмэгджээ.

Галт тэрэг солилцоо Замын-Үүд-Эрээний өргөн царигаар өнгөрсөн долоо хоногт 111 галт тэрэг /669.8 вагон/ хүлээн авч, 112 галт тэрэг /698.8 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж нь 15.8-16 галт тэрэг болов.

Нарийн царигаар хоногт дунджаар 8-8.1 галт тэрэг солилцсон буюу 56 галт тэрэг /432.1 вагон/ хүлээн авч, 57 галт тэрэг /435.8 вагон/ хүлээлгэн өгсөн байна. Харин Сүхбаатар-Наушкиар галт тэрэг солилцоо буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, 48 галт тэрэг /300.4 вагон/ хүлээн авч, 55 галт тэрэг /322 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж нь 6.8-7.8 галт тэрэг болжээ. Энэ нь Зам, тээврийн сайд “УБТЗ ХНН-ийн суурь бүтэц дээр тээвэрт оролцон өртөө, зөрлөгийн замд зам эзлэн зогсож буй дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тоо үлэмж хэмжээгээр нэмэгдэж, бөөгнөрөл үүсгэж байгаа нь бусад төрлийн тээврийг оновчтой зохион байгуулахад болон төмөр замын тээврийн тасралтгүй, аюулгүй байдлыг хангуулахад ихээхэн хүндрэл учруулж байна. Иймд, Төмөр замын тээврийн тухай хуулийн 8.1.1, 42.1 дэх заалтуудыг үндэслэн энэ оныг дуустал Наушки-Сүхбаатар өртөөгөөр хүлээн авч буй дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тоог хоног тутамд 1-2 галт тэргээр бууруулах, УБТЗ ХНН-ийн энэ оны ачаа тээврийн төлөвлөгөөнд тодотгол хийхдээ дээр дурдсан өөрчлөлтийг тусгах…” гэсэн чиглэл ирж, үүнтэй холбогдуулан Замын даргын хоног тутам нэг галт тэргээр бууруулах тухай цахилгаан гарсантай холбоотой аж. Тиймээс сайдын өгсөн чиглэлийн дагуу гарсан цахилгааныг биелүүлж ажиллахыг холбогдох албадад үүрэг болголоо.

 Өнгөрсөн долоо хоногт чингэлгийн 80 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос нэгээр илүү, оны эхнээс нийт 2950 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 453 галт тэргээр давуулсан үзүүлэлт ажээ. Замын-Үүд Шилжүүлэн ачих анги транзитын 2384, импортын 552 чингэлэг шилжүүлэн ачсан нь өмнөх долоо хоногоос импорт +7, транзит +35, нийт +42 чингэлгээр давсан үзүүлэлт юм. Одоогийн байдлаар Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 1592 чингэлэг, экспортын 2308 вагон ачаа байгааг Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Б.Мөнхтулга танилцууллаа. Мөн ес, аравдугаар сард нийт найман галт тэрэг буюу 17829.16 тонн хөх нүүрсийг Эрээн өртөөнөөс хүлээж авсан байна. Харин 16 галт тэрэг буюу 30877.5 тонн мидлингийг Цогтцэций өртөөнөөс хүлээж авчээ.

Мөн энэ удаагийн хурлаар Мэдээллийн технологийн албаны дарга ажлаа тайлагнав. Тус албаны ажил удаашралтай, шинээр хийсэн, хөгжүүлсэн программууд нь хоорондоо уялдаа холбоогүй байгааг Дохиолол холбоо болон Хүний нөөцийн албаны дарга нар шүүмжлэв. Тухайлбал, алба, аж ахуйн нэгжүүдийн гологдол, дутагдал, тасалдал тус тусдаа бус нэг л программ дээр хийгддэг байх, мөн цахимаар зорчигчийн тасалбар захиалдаг ч буцаалтыг цахимаар хийдэг болох тухай олон жил яригдсан ч биеллээ олохгүй байгаа, программуудаа бичээд хадгалах бус хэрэглэгчдэд сургах шаардлагатай зэргийг онцолж байлаа. Түүнчлэн, Замын Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр “Зүтгүүрийн ашиглалтын программ болж байна. Харин шинээр хөгжүүлж буй засварын программыг нэн яаралтай сайжруулахгүй бол бид сэлбэгийн нөөцөө ч мэдэж чадахгүй байна” гэсэн юм.  

Хурлын төгсгөлд Замын дарга Х.Хэрлэн энэ сарын 21-23-нд Улаанбаатар хотод болох Ерөнхий хорооны хурлын бэлтгэл ажлыг бүрэн хангахыг холбогдох албан тушаалтнуудад анхаарууллаа.

 

М.Наранболд

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.