Дорноговь аймгийн Замын-Үүд сумын унаган иргэн Д.Дамдин өдгөө 70 настай. Тэрбээр явган аяллын “Сэтгэлийн говь” багийн ахлагч бөгөөд амьдралынхаа ихэнх хугацааг төмөр замтай холбон, өнөөдөр ахмад үеэ манлайлан олон мянган километр замыг алхсаар яваа нэгэн билээ.
Д.Дамдин 1973-1974 онд төмөр замын 1600 км-т, одоогийн Номтод ахлах замчнаар ажлын гараагаа эхэлсэн. 1974-1977 онд цэргийн алба хааж ирээд Замын-Үүд өртөөнд холбогч-найруулагчаар ажиллаж байв. 1979 оноос Барилга орон сууцны III ангид сантехникийн слесарь, механикч мастераар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ч идэвхтэй амьдрал нь үүгээр дуусаагүй. Түүний гэргий Ц.Мөнхцэцэг нь төмөр замын эмнэлэгт их эмчээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Тэд дөрвөн охинтой. Охид нь ч мөн төмөр зам, үйлчилгээний салбарт хөдөлмөрлөж яваа бахархалтай хүмүүс юм.
Д.Дамдин явган аялалд анх 2008 онд УБТЗ-ын Ахмадын холбооны дэргэдэх “Ган зам” клуб байгуулагдах үеэс оролцож, Дорноговь аймгийн Бүрдэн элсэнд анхны алхалтаа хийжээ. Түүнээс хойш 17 жилийн турш “Сэтгэлийн говь” багийн ахлагчаар тасралтгүй ажиллаж байна. Анхны аялалд Улаанбаатар, Багахангай, Чойр, Сайншандаас ирсэн 12 төмөр замчин хамт алхаж, өдөрт дунджаар 25 км-ийг туулж байв.
2018 онд Сэлэнгээс Замын-Үүд хүртэлх 1115 км явган аялалд ахмад, залуучуудын хамтарсан баг оролцсон бол 2025 онд “Сэтгэлийн говь” багийн 12 гишүүнтэйгээр Замын-Үүд-Сэлэнгэ чиглэлийн 1115 км аяллыг амжилттай хийжээ. Тэрбээр нийтдээ 4000 гаруй км газрыг алхсан бөгөөд 1115 км-ийн аяллыг хоёр удаа туулсан туршлагатай.
Д.Дамдин нь явган аялал, хөлбөмбөгийн спортын мастер. Хөлбөмбөгийг багаасаа тоглож, “Замчин” клубийн шигшээ багт олон тэмцээнд оролцож байжээ. Мөн хийн дасгал, софт волейбол, шугаман бүжгээр тогтмол хичээллэдэг.
Багаа ахлаад уртын аялалд гарахдаа өдөртөө хамгийн ихдээ 54 км, багадаа 25 км алхдаг. Алхалтаа өглөө 04:00 цагаас эхлүүлж, өдөр амарч, оройн сэрүүнд үргэлжлүүлэх нарийн графиктай.
Аяны богц нь 70 кг жинтэй. Усны гутал, мешок, гар чийдэн, борооны цув, лаа, чүдэнз, хоол хүнс, уух ус гээд шаардлагатай бүх зүйл багтана. Ахлагчийн хувьд тэрээр багийн гишүүдийн аюулгүй байдал, техник, сахилга батыг бүрэн хариуцаж, өглөө бүр зааварчилгаа өгч, гарын үсэг авдаг. Явган аяллын явцад бартаатай зам, намаг, ус, хад асга, говь-хангайн эрс ялгаатай орчин гээд олон сорилт тулгардаг. Гэвч тэр бүхнийг сэтгэлийн тэвчээр, багийн эв нэгдлээр даван туулдаг байна.
“Алхах нь өөрийнхөө эрүүл мэндэд хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Тиймээс сэтгэл өөдрөг, эрч хүч дүүрэн байдаг” хэмээн тэрбээр сургамжлан өгүүлж байсан. Ахмад явган аялагчдыг очсон газар бүрийн хүмүүс гайхан биширч, өдөржин алхсан атлаа орой нь үдэшлэг хийж, дуулж бүжиглэх нь олныг гайхшруулж багийнхныг ч улам залуужуулдаг байна.
Энэ оны зургадугаар сард Салхитаас Эрдэнэт, Налайх чиглэлд алхах төлөвлөгөөтэй аж. Одоо багийн бүрэлдэхүүн залуужиж, Д.Дамдин өөрөө багийнхаа хамгийн ахмад аялагчдын нэг болсон ч ахлагчийн үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байна.
Тэр “спортод насны хязгаар байхгүй” гэдгийг батлан харуулдаг. 85 настай Раднаа гуайн гүйж байгааг жишээг татан, насаар бус зорилгоор хэмжигддэг амьдралын философийг залуу үедээ үлдээж яваа бахархмаар ахмад төмөр замчин билээ.
П.Түмэндэмбэрэл
