Сүүлийн үед нарцисст гэдэг үг их сонсогдож хэрэглэгдэх болжээ. Тэгвэл нарцисст хүн гэж ямар хүнийг хэлдэг талаар мэдээлье. Нарциссизм гэх ойлголт хүн өөрөө өөртөө болон өөрийнхөө л хэрэгцээ шаардлагад хэт их анхаарал хандуулдаг, ихэнх тохиолдолд бодит байдалтай нийцдэггүй, бусдыг хохироодог хүний зан чанар ажээ. Тухайлбал
1. Тэр таныг бүх зүйлд буруутгах болно
Харилцаанд гарч байгаа асуудал болон өөрийн гаргаж буй муу муухай зан авирыг танаас болсон гэж итгүүлдэг.
2. Давхар стандарт
Тэд өөртөө бүхнийг зөвшөөрдөг бол танд бол үгүй. Түүний гаргаж буй өөрийнх нь ямар ч зан авир хэвийн бөгөөл харин таных бол үгүй.
3. Өөрөөсөө хамааралтай байлгах
Бүх зүйлээр таныг өөрөөс нь хамааралтай байлгах гэж оролддог.
4. Төгс дүр төрх бүрдүүлдэг
Таны эргэн тойронд байгаа хүмүүст өөрийгөө хамаг сайнаараа харуулж өөрийн жинхэнэ дүр төрхийг нуудаг.
5. Таныг уурлуулж дараа нь таныг буруутгадаг
Сэтгэл зүйн хувьд тэвчихийн аргагүй байдалд оруулж таны сэтгэл хөдлөлийг гаргаж уурлуусны дараа таныг ийм зан авир гаргасанд буруутгах нь элбэг
Нарциссист хүн чамайг үгээрээ хайрлана гэхдээ үйлдлээрээ чамайг удаанаар устгана.
Эхэндээ тэр чамайг халуун дулаан сэтгэлээр анхаарч, магтаж, гоё сайхан үлгэр шиг амлалтууд өгнө.
"Би чамд хайртай" гэх мэт хэлсэн болгон нь үнэн сонсогдож, бүх дуудлага мессежүүд нь чамайг харж, сонсож, хайрлаж, халамжилж, үнэлж, хүндэтгэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Чамайг онцгой нэгэн шиг мэдрүүлж, энэ дэлхий дээр хэн ч чамайг түүн шиг хайрлаж, ойлгож чадахгүй мэт мэдрэмжийг чамд өгнө.
Гэхдээ энэ хайр зөвхөн үгэн дотор л амьдрана, сэтгэл татам зан араншин, үйлдлүүд нь бүгдийг урьдаас нарийн төлөвлөсөн байдаг. Даан ч тэр хүний үйлдэл нь яг хэлсэн ярьснаасаа эсрэг юм шиг мэдрэгдэнэ.
Гэвч цаг хугацааны явцад үнэн царай нь ил гарч ирнэ ээ.
Жижгээс эхэлсэн том манипуляцууд, чамайг доошоо хийсэн харьцаа, үл тоож, үл хүндэтгэж байгаа нь нэмэгдсээр, томорсоор л байна.
Чиний амжилт ололтыг жижигрүүлнэ, мэдрэмжийг чинь үнэгүйдүүлнэ, хил хязгаарыг чинь бүдүүлэгээр зөрчинө, хувийн орон зайг чинь үгүй хийнэ.
Эцэстээ өөрийнхөө хүслээр байлгаж, чамайг бүхэлд нь эрхшээх гэж оролдоно.
Энэ хүсэл нь биелэхгүй бол маш ихээр уурлаж бухимдаж, чамайг дийлж өөрийнхөө аясаар байлгахын тулд тэр юу ч хийхэд бэлэн байдаг.
Яаж ийгээд л бүх юм чиний буруу болоод байхаар чи өөрийнхөө эрүүл ухаанд хүртэл эргэлзэж эхлэнэ.
Эцэст нь чи өөрийгөө буруутгаж эхлэнэ.
Нээрээ л би болохгүй байгаа юм болов уу?, Би өөрийгөө өөрчлөх ёстой юм болов уу?, Би илүү их хичээвэл, илүү ихээр хайрлавал түүний энэ зан араншин өөрчлөгдөх байх, намайг ойлгодог, үнэлдэг, хайрладаг болох байх гэж бодож эхлэнэ.
Гэвч үнэндээ бол чи ямар ч буруугүй бөгөөд энэ бол нарцисист хүн чамайг эрхшээлдээ оруулж эхэлсний дохио байдаг.
Чи тэвчээртэй, зөөлөн сэтгэлтэй тул нилээдгүй хэсэг хугацаанд энэ байдлыг тэвчинэ.
Гэвч чиний зүрх сэтгэл, оюун бодол чамд шивнэнэ, энэ бол хэвийн харилцаа биш гэдгийг мэдүүлнэ.
Чи маш удаан тэвчиж, удаан бодсоны эцэст түүнийг орхих шийдвэр гаргана.
Чамайг зайгаа бариж түүүнээс холдож эхлэнгүүт тэр чиний чихэн дээр цэцэг ургуулж, яаж харамсаж гэмшиж байгаа талаараа гонгинож, өөрийг нь уучлаж өршөөхийг, түүнтэй хамт үлдэхийг гуйна.
Цаг хугацаа өнгөрөх тусам энэ хэв маяг бүр ч илүү тодорхой болно. Цаашлаад бүр дадал зуршил мэт сууна. Эцэстээ улиг болно.
Нэгэн цаг үед чиний аврагч шиг харагдаж байсан тэр одоо чиний хувьд бүх зовлонгийн чинь үүр уурхай болжээ.
Чиний өөртөө итгэх итгэл, амар амгалан, өөрийгөө мэдрэх мэдрэмжээс хумслаж мэрнэ.
Тэрний хайр жинхэнэ биш зүгээр л арга хэрэгсэл, зэвсэг төдий.
Сэтгэл гаргаж, зүтгэж байгаа нэртэй удаанаар алдаг хор. Түүний ид шидтэй үгэнд нэгэн цагт итгэж байсан чи одоо энэ бүх худал хуурмагийн цаана ямар үнэн байсныг эвлүүлэх гэж толгойгоо гашилган, шархалсан зүрхээ тэврээд үлдэнэ.
НАРЦИСС ХҮН (Narcissist)
Нарцисс хүн чамд хайртай байгаагүй.
Харин өлсгөлөн эгогоороо чамайг залгиж орхисон гэсэн үг.
Чамайг шимж сорсоор юу ч үгүй болтол, хэрэггүй болтол чинь шавхаж, эцэст нь өрөвдөх сэтгэлгүйгээр чамд бурууг үүрүүлж орхисон.
Тэрний хоосрол, бүтэлгүйтэлд чи л буруутай мэт.
Түүний “хайр” гэж амласан зүйл хэзээ ч жинхэнэ хайр байгаагүй.
Тэр өөрөө гялалзахын тулд чиний гэрэл, чиний сэтгэлийн золиосоор урласан "жүжгийн тайз" л байсан.
Тэр чамаас бүхнээ зориулахыг шаардаж, харин өөрөөсөө юу ч өгдөггүй байв.
Хязгааргүй ойлголт хүсч, харин хариуд нь юу ч санал болгодоггүй, юу ч тайлбарладаггүй.
Хамгийн харгис зүйл нь: Тэр чамайг өөрийгөө өөрчлөх ёстой гэж итгүүлсэн.
Чи бүх зүйлийн буруутан, ямар ч үед бүгд чиний буруу болдог, чи дутагдалтай, чи зөвхөн түүний хүлээн зөвшөөрөлд л үнэ цэнэтэй мэт болж хувирна.
Тэр чамд хайр гэж андуурам жижигхэн үйрмэгүүд л өгсөн.
Харин хайраар цангасан чи тэр үйрмэгүүдийг нь хангалттай мэт хүлээн зөвшөөрсөн.
Гэвч үнэн хэрэгтээ огт хангалттай байгаагүй.
Учир нь жинхэнэ хайр эдгээж, бүтээдэг.
Хайр чамайг жижгэрүүлдэггүй, чамайг дуугүй болгодоггүй, эргэлзээ айдаст автуулдаггүй, тайван бус мэдрэмж төрүүлдэггүй, өөрийгөө алдахад чинь хүргэдэггүй.
Хэрвээ чи өнөөдөр өөрийнхөө үйрсэн хэсгүүдийг түүж яваа бол, сэтгэлийнхээ зарим хэсгийг алдсан мэт мэдрэгдэж байвал, чамд би нэгэн зүйлийг хэлье.
Чи гэнэн байгаагүй, чи хүн байсан.
Чи сул дорой байгаагүй, чи зүрх сэтгэлээрээ итгэж, хайрлаж чадсан.
Хэдий өвдөлт дунд байсан ч, хайрлах чадвартай байсан.
Жинхэнэ хайрлагч хүн буруу хүнд сэтгэлээ зориулсан ч үнэ цэнээ хэзээ ч алддаггүй.
Чи асуудал байгаагүй, чи гэрэл байсан.
Харин тэр чиний гэрлийг унтраахыг оролдсон сүүдэр байв.
Учир нь тэр чиний гялбаа зөвхөн өөрийнх нь хоосон эгог биш, бүх дэлхийг гэрэлтүүлнэ гэдгээс айсан.
Нарциссист гэх үг Нарсисус хэмээх царайлаг залуу өөрийнхөө усан дахь тусгалыг хараад дурлаж удалгүй усандаа живж үхдэг тухай Грекийн домгоос гаралтай юм. Нарциссист гэдэг нь хүнийг хайрлах, өөрийнхөө үнэ цэнийг зөв тодорхойлох бусдыг ойлгож энэрэх (empathy) гэх мэт хүнд байгалиасаа байх ёстой зан чанарууд хөгжөөгүй хүнийг хэлдэг байна.
"Агуу ихийн мэдрэмж " гэдгээр тодорхойлогддог Нарциссист (Narcissistic Personality disorder) хэмээх DSM олон улсын сэтгэцийн ангилалд багтах зан төлөвийн хам шинж юм.
Бага наснаасаа өсвөр нас хүртэлх хугацаанд хайр мэдэрч өсөөгүй эсвэл хатуу гараар өсгөснөөс болж хамгийн чухал үедээ хүнд байх ёстой бусдыг ойлгох, энэрэх чанарт суралцаагүй хүмүүс энэ хам шинжид өртөх нь элбэг байдаг. Тэд бүтэн хайраар өсөөгүй учраас үргэлж дутуу мэдрэмжтэй амьдардаг.
Мөн стресстэж уурлаж бухимдахдаа энгийн хүн шиг реакцилдаггүй. Зарим нь биеэ хянах чадваргүй догшин авиртай ч байх магадлалтай. Яагаад гэвэл таагүй нөхцөл байдалд тархи нь автоматаар хамгаалах горимд шилждэг.
Нарциссист хүний гол шинжүүд:
• Өөрийгөө хэт дөвийлгөх: Өөрийгөө хэтрүүлэн үнэлдэг, өөрийгөө онцгой, төгс гэж итгэдэг.
Зөвхөн өөрийнхөө тухай л боддог. Бусдын хэрэгцээг биш зөвхөн өөрийн хэрэгцээг хамгийн түрүүнд тавьдаг. "Би, би, би..." гэсэн эго давамгайлсан ааш аяг гаргах нь элбэг.
• Бусдыг ашиглах хандлагатай: Бусдын хэрэгцээ, итгэл сэтгэлийг үл тоомсорлож, зөвхөн өөрт ашигтайгаар харьцдаг.
• Эмпатигүй байдал: Бусад хүмүүсийг өрөвдөх, хайрлах гэдэг мэдрэмж маш сул.
Заримд нь бүр огт байхгүй. Бусдыг ойлгох чадваргүй.
• Хэт их анхаарал, магтаал хүсэх: Бусдын анхааралын төвд байхыг үргэлж хүсдэг, магтаал хүлээдэг хэрнээ шүүмжлэлд маш эмзэг ханддаг. Өөрийнхөө хийсэн ажил, бүтээсэн зүйлээс бусдын бишрэл бас магтаалыг хүртэх маш дуртай. Хэрэв тоохгүй бол амархан сэтгэлээр унадаг.
• Хохирогчийн дүрд тоглох: Алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөхгүй, үргэлж бусдыг буруутгах хандлагатай. Өөрийнхөө азгүйтэл, бүтэлгүйтэлд үргэлж өрөөлийг буруутгаж байдаг. Хохирогчийн сэтгэл зүйтэй амьдардаг.
• Бусдыг захирах хүсэлтэй тархи угаахдаа сайн:
Хайр, итгэл, өрөвдөх сэтгэлээр нь далимдуулж бусдыг ашиглах, удирдах, захирах, хяналтандаа байлгахыг оролддог. Өөрийгөө өрөвдүүлэх тактик ашиглаж, бусдыг нөлөөлөлдөө маш сайн автуулдаг. Ялангуяа үерхэл, хайр дурлалын асуудал дээр солиотой юм шиг хартай байх нь элбэг. Бусдад манипуляци хийх хандлагатай.
• Үнэнийг сонсохдоо үнэн голоосоо дургүй:
Тэд шүүмжлэлд маш эмзэг ханддаг. Алдаа хийсэн ч өөрийнхөө бурууг хэр барагтай хүлээн зөвшөөрөх дургүй. Харин үнэнтэй нүүр тулсан цагтаа догшин авир гаргадаг байна.
• Маш эмзэг сэтгэл зүйтэй: Амархан гомддог эсвэл галзууртлаа уурладаг. Бусдыг сэтгэлзүйгээр унагаж зовоодог, зарим нь өөрийнхөө сэтгэлийг идэж бас зовоодог. Өөрийгөө өрөвдөх дуртай.
• Сэтгэл гутралд өртөмтгий:
Тэдэнд аз жаргалын хэмжүүр үргэлж хангалтгүй санагддаг учраас архи, тамхи, хар тамхи эсвэл мөрийтэй тоглоом гэх мэт муу зуршилд уруу татагдаж автахдаа амархан бөгөөд сэтгэл нь хэзээ ч ханаж цадах гэдгийг мэддэггүй. Ерөнхийдөө донтолтод амархан өртдөг.
• Тэдний зан чанарыг заримдаа тогтооход хэцүү:
Тэд таныг нэг бол маш их хайрлана нэг бол маш их үзэн ядна. Учир нь тэд ямарваа нэг маргаан, хатуу үгэнд маш эмзэг бөгөөд өөрийг нь доош хийх хандлагад маш дургүй.
Тухайн үед далд ухамсрынх нь хариу реакци ажиллаж тархи нь шууд хамгаалах горимд шилжсэн мэт маш огцом түргэн уурлаж хайртай хүн эсвэл хүндэлдэг ямар ч хүнээ өвтгөж гэмтээж чаддаг.
•Амжилтын төлөө улайрдаг: Мэдээж тэдний зарим нь цуцашгүй оролдлоготой, дундаршгүй хүсэл тэмүүлэлтэй байдаг үүнийг бусдын төлөө хийх нь цөөхөн. Учир нь тэд бусдад өөрийгөө гайхуулах, магтуулах маш дуртай. Тиймдээ л тэд амжилтын төлөө махран зүтгэдэг.

Сэтгэгдлүүд
2 сэтгэгдэл байна.