Зөв сэтгэлтэй бол буруу үгийг ч ойлгоно
Буруу сэтгэлтэй бол зөв үгийг ч хардана
Д.Равжаа
Нар үүлний цаана байхдаа ч илч гэрлээ үүлэн чөлөөгөөр цацруулж л байдаг. Түүн шиг сэтгэл нь нар шиг гэгээн хүн бусдыг өөрийнхээ үг, бодлоор гийгүүлж байдаг. Өглөөхөн нүдэндээ нулимс цийлэгнүүлж явсан охин үдээс хойш нүүр дүүрэн инээд гэрэлтүүлж явдаг тийм л амьдрал дунд хүмүүн бид бие биеэ түшиж амьдардаг. Дуусахгүй зовлон, дундрахгүй жаргал гэж үгүй шүү дээ. Хамгийн сайхан нь оюун бодолдоо гийж байгаа бүхнийг өрөөл бусдад сайхан үг, эелдэг харилцаагаараа өгч байвал энэ дээдийн буян юм. Сэтгэлийн өглөг энэ болно. Өдөрт бид өчнөөн хүнтэй уулздаг, учирдаг. Хүн бүхэн адилгүй болохоор тэрхэн зуурт өөр өөр хандлагатай, өөр өөр мэдрэмж үүсдэг. Энэ дунд та нэг л зүйлийг чадна. Ганцхан та л өрөөл бусдад баяр баясгалан төрүүлэх ганцхан төрлийг олсон тул өгөөмөр дэлгэр сэтгэлийг өөрөөсөө бусдад өгч бай. Хэн ч үүнийг чадна. Оюун бодолдоо эерэг сайхан бүхнийг хурааж, үгийн сайхныг бусдын сэтгэлд нар мандуулж яваарай.