Хүүхдийн секторын харьяа “Найрамдал” цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Замын ерөнхий инженер С.Д.Старцев, Хүүхдийн секторын ахмад Ю.Цэрэнбалжид нар оролцлоо. Нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Замын ерөнхий инженер төмөр замчдынхаа хүүхдүүдийн сурч хүмүүждэг цэцэрлэгүүдээ үргэлж дэмжин ажилладгаа илэрхийлээд “Олон жаахан хүүхэдтэй ажиллана гэдэг амаргүй. Уйлна, дэггүйтнэ, гүйлдэнэ гээд дэргэд нь тайван байхад мэдээж бэрх. Гэсэн хэдий ч энэ бяцхан үрсийг цэцэрлэгийн багш нар сурган хүмүүжүүлж байдаг. Тиймээс эрхэм багш нар маань ямар ч тохиолдолд үргэлж маш тайван хандаж байгаарай” гэсэн юм. Тус цэцэрлэгийн хувьд өнгөрсөн хавар 114 хүүхэд төгсгөн сургуулийн босгоор алхуулсан байна. “Найрамдал” цэцэрлэгийн эрхлэгч Осоржамаа “Энэ хичээлийн жилд бид “УБТЗ”-ын ажилтны, ахмад настны хүүхдүүд, дээр нь тэгш боломж олгох бодлогын хүрээнд харьяа дүүргийн гээд 150 гаруй хүүхдийг бүртгэж авсан. Өнөөдрийн байдлаар нийт 570 хүүхэдтэй хичээлийн шинэ жилээ эхэлж байна. Энэ нь өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад хүүхдийн тоо арав орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Багш, боловсон хүчний хувьд хэвийн байна. Орос бүлэгт гэвэл 4-5 насны 41 хүүхэд суралцаж байгаа” гэв.