Аравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн арилжигдсан уул уурхайн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцохдоо Монголын Хөрөнгийн биржийн арилжааны үнийн мэдээллийг үндэслэл болгохоор боллоо.
АМНАТ-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.3 болон 47.17 дахь заалтуудын дагуу тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5-10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээгээр тооцдог. Борлуулалтын үнэлгээг тооцохдоо тухайн бүтээгдэхүүн Монголын Хөрөнгийн биржээр арилжигдсан эсэхээс үл хамааран “SXCoal”, “UMetal”, “IndMin” зэрэг олон улсын эх сурвалжид нийтлэгдсэн үнийн мэдээллийг ашиглах зохицуулалттай байсан юм.
Дээрх шийдвэрийн дагуу уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч компаниуд Монголын Хөрөнгийн биржээр арилжигдсан нүүрс, төмөр, хайлуур жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний АМНАТ-ийг биржийн арилжааны үнэ ханшийн мэдээлэлд тулгуурлан төлөх боломжтой болж байна.
Бүтээгдэхүүнээ биржээр дамжуулан ил тод, нээлттэйгээр худалдах компаниудын тоог нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын ил тод байдлыг дээшлүүлэхэд эерэг үр нөлөө үзүүлнэ гэдгийг Монголын Хөрөнгийн бирж онцоллоо.
Үүнээс гадна 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс есдүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 141 удаагийн арилжаагаар 6.8 сая тонн зургаан төрлийн нүүрс, 94.6 мянган тонн хоёр төрлийн төмрийн баяжмалыг нийт 2.9 их наяд төгрөгөөр арилжаад байна. Арилжааны үр дүнд бүтээгдэхүүний зарласан доод үнэ 50 хүртэл хувиар өсөж, худалдаалагч омпаниудын борлуулалтын орлогыг 247.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн талаар Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ.