“МТЗ” ТӨХК-аас өөрийн эзэмшлийн гол чиглэлийн төмөр замуудын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилготой Гүйцэтгэх захирлын үзлэгийг өнгөрсөн сарын 29-нөөс эхлүүллээ. Үзлэгийн хүрээнд Цогтцэций–Зүүнбаян болон Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалт, засвар үйлчилгээ, технологийн горимын мөрдөлт, холбогдох тушаал, дүрэм, зааврын хэрэгжилтийг нягтлан шалгаж байна. Үзлэг Зүүнбаян өртөөнөөс эхэлсэн бөгөөд “МТЗ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал шалгалтын явцад илэрсэн үл тохирлуудыг арилгуулж, дараах үүрэг чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн байна. Үүнд, Цогтцэций–Зүүнбаян чиглэлийн бүх өртөө, зөрлөгийн удирдлагын байр, технологийн амрах байрны засвар, тохижилтыг шуурхай хийх, өртөө, зөрлөгүүдийн ус цэвэршүүлэх төхөөрөмжүүдийг бүрэн засварлаж, хэвийн ажиллагаанд оруулах, ус цэвэршүүлэх тоноглолыг вакум савлан хамгаалах, ашиглалтын хугацааг уртасгах нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болгожээ. Мөн говийн бүсийн усны хатуулаг өндөр байгаа тул бүх өртөө, зөрлөгт ус зөөлрүүлэгч төхөөрөмж суурилуулж, шугам сүлжээний насжилтыг уртасгаж, ажилтнуудын эрүүл мэнд, чөлөөт цагийг дэмжих зорилгоор Цогтцэций өртөөнд спорт заал байгуулахаар болсон байна.
