Төмөр замын салбарын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулан ажилласан үе үеийн ахмад буурлууд, ажил үйлсийг нь залгамжлан үр бүтээлтэй ажиллаж буй нийт ажилтан болон гишүүд, та бүхэндээ ирж буй модон могой жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Луу жил бидний хувьд ололт амжилт дүүрэн онцлогтой жил болж өндөрлөлөө. МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо нь энэ жилийн нийгмийн түншлэлийг бэхжүүлэх үйлсийн үр дүнд, салбартаа үзүүлсэн амжилт, үр бүтээл, хичээл зүтгэлээ өндрөөр үнэлүүлсэн. Монголын төмөр замын салбарыг хөгжүүлэх, ажилчдын эрх ашгийг хамгаалах, хариуцлагатай, санаачилгатай ажилласан нь холбооны хувьд үнэлж баршгүй үйл хэрэг билээ. Энэ бүхний үр дүнд, бидний хамтын хүч, зорилго болон нэгдмэл байдал улам батжиж илүү том амжилтад хүрч, ирээдүйд ч сайн үр дүнд хүрэхэд томоохон хувь нэмэр болно гэж итгэж байна. Та бүхний хийж буй нөр их хөдөлмөрт талархаж, ирээдүйн зорилго бүхнээ хамтдаа амжилттай биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Бид төмөр замын ажилчдын эрх зүйн орчин, цалин хөлс, эрүүл аюулгүй ажлын байр, нийгмийн асуудлыг сайжруулах зорилгоор “Зохистой хөдөлмөрийг дэмжих жил” хэмээн зорилт гарган ажиллаж байна.  Энэ зорилт бодитой эерэг үр дүнд хүрч ирэх ондоо илүү их ололт амжилтаа ахиулах болтугай.

Улс орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, түүхэн хөгжлийн хугацаандаа улс орны үнэт баялгийг бүтээж ирсэн танд болон танай гэр бүлд ажил, амьдрал нь үргэлж өөдөө дэвжиж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Буян номын гэгээ тооноор чинь цацарч

Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж

Буурал өвгөд халуун ам бүлээрээ цуглан

Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй.

 

МТЗ-чдын дарга Б.Алтанхуяг