Монголбанк: Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхамуудыг авч хэрэгжүүлнэ
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргаснаа танилцууллаа.
Монгол Улсын худалдааны голлох түнш орнуудын инфляц саарч, худалдааны эргэлт сайжирч 15 тэрбум ам.доллар давсан, тээврийн зардал буурч, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байснаар импортын барааны үнийн өсөлт, инфляц саарахад нөлөөлсөн гэж Монголбанкны мэдэгдэлд дурдсан байна.
Монголбанкны Мөнгөний бодлогын шийдвэрийн талаар эдийн засагч Н.Энхбаяр "Олон улсын нөхцөл байдал, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөлтэй нийцсэн зөв шийдвэр" гэж үзэж буйгаа илэрхийллээ.
Гол статистикуудыг харвал 2023 оны зургадугаар сард төсөвт тодотгол хийгдсэнээс хойш долдугаар сард нэг оронтой тоонд ороод байсан жилийн инфляц наймдугаар сард эргэн хоёр оронтой тоонд орсон юм. Өнгөрсөн сард инфляц жилийн 10 хувьтай гарахад импортын барааны нөлөө 35 гаруй хувьтай байсныг Үндэсний статистикийн хороо мэдээлж байв.
Хэдийгээр цаашид инфляц алгуур буурах хандлага үргэлжлэх боловч эдийн засгийн идэвхжил, төсвийн зардал, тэр дундаа төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэн нөлөөгөөр эрэлтийн шалтгаантай инфляц өмнөх төсөөллөөс нэмэгдэхээр байгааг Монголбанк мэдээллээ.
Мөн БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын сэргэлт хүлээлтээс удаан байж гадаад эрэлт, гол нэрийн эрдэс бүтээгдэхүүний үнийн төсөөлөл муудахаар байна. Түүнчлэн геополитикийн зөрчилдөөн даамжрах, дэлхий нийтэд болж буй цаг агаарын эрс тэс үзэгдлүүд гадаад эдийн засгийн төлөвт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байгааг энэ удаагийн шийдвэрт онцоллоо.
https://www.bloombergtv.mn/news/g2311