“Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам”-ын дагуу 2023 оны үзүүлэлтээр ТОП-20 индексийг шинэчлэхэд өмнөх багцад багтаж байсан 15 компани хэвээр үлджээ
Монголын Хөрөнгийн биржийн ТОП-20 индекс шинэчлэгдэж, 50 хувийг нь банк санхүүгийн байгууллагууд бүрдүүлэхээр боллоо.
Биржийн журмын дагуу 2023 оны үзүүлэлтээр ТОП-20 индексийг шинэчлэхэд өмнөх багцад багтаж байсан 15 компани хэвээр үлдэж, “ХААН банк” ХК, “Худалдаа хөгжлийн банк” ХК, “Монголын Хөрөнгийн бирж" ХК, "Монложистикс холдинг" ХК , "Газар шим үйлдвэр” зэрэг таван компани шинээр нэмэгдэж байна.
Харин зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээний үзүүлэлтээр дээрх 20 компанийн ард бичигдсэн “Улсын их дэлгүүр”, “Бодь даатгал”, “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”, “Ард санхүүгийн нэгдэл” болон “Ард даатгал” ХК-иуд ТОП-20 багцаас хасагдаж байна.
Шинэчилсэн багцаас “ХААН банк” ХК 2.05 их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээтэйгээр бусад компаниудыг хол тэргүүлж байгаа юм. Тус банк 191.2 сая ширхэг энгийн хувьцааг санал болгож, 183.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлснээ тайлагналаа. Үр дүнд нь өөрийн хөрөнгөө нэмэгдүүлснээс гадна төлөвлөгөөний дагуу зарцуулалт хийжээ. Тодруулбал: дийлэнх хэсгийг буюу 34 хувийг ногоон төсөл хөтөлбөрүүдэд, 31 хувийг урт хугацаат зээлд зарцуулсан байна.
Мөн ТОП-20 багцад шинээр нэмэгдэж, зах зээлийн үнэлгээгээр хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй “Худалдаа хөгжлийн банк” ХК IPO хийж, 83.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн юм. Тус компани татан төвлөрүүлсэн хөрөнгөө зээл олголтод зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор хөрөнгийн ашиглалтын хувь 56.16 хувьтай байгааг мэдээлжээ.
“Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам”-ын дагуу ТОП-20 индексийн багцыг ийнхүү шинэчлэн, нэгдүгээр сарын 16-ны өдрөөс мөрдөж эхэллээ.
https://www.bloombergtv.mn/news/h131w8