Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг эрхэм хүндэт төмөр замчид та бүхэнд өргөн дэвшүүлье! “МТЗ” ТӨХК нь Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Боомтын сэргэлтийн хүрээнд төмөр замын төслийн ажлуудыг гүйцэтгэж, цогц бүтээн байгуулалт өрнүүлж байна. Тухайлбал, Засгийн газрын 446 дугаар тогтоолоор олгогдсон концессын эрхийн дагуу Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын төслийн барилга угсралтын ажлыг өнгөрөгч тавдугаар сард эхлүүллээ. Засгийн газрын 2022 оны 116 дугаар тогтоолын дагуу баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх тусгай зориулалтын “Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн төмөр зам”, “Чойбалсан-Хөөт-Бичигт төмөр зам” ХХК-ийг байгууллаа. Монгол Улсад өмчийн олон талт харилцааг оролцуулсан цоо шинэ төмөр замын тээвэрлэлтийг зохион байгуулж, экспортын тээвэрлэлтийн гарцыг нэмэгдүүлэх, зам харилцааг харилцан ашигтай, оновчтой байдлаар зохион байгуулах, уул уурхайн бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлтийн гарцыг нэмэгдүүлэх замаар хилийн боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх эрхэм үүрэг хариуцлагыг ажил хэрэг болгон эхлүүлснийг онцлон дурдахад таатай байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын эрчим хүчний болон Цогтцэций өртөө, зөрлөгийн технологийн барилга байгууламжийг Улсын комисст хүлээлгэн өглөө. 2022 оны гуравдугаар сард эхлүүлсэн зүгшрүүлэлтийн тээвэрлэлт амжилттай үргэлжилж өдгөө Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар нэг сая гаруй тонн, Тавантолгой-Ханги чиглэлд 285.5 мян/тн экспортын тээвэрлэлт хийлээ. “МТЗ” ТӨХК нь Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоотой Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэх санамж бичгийг энэ оны хоёрдугаар сард байгуулсан. Туршилтын тээвэрлэлт амжилттай үргэлжилж өдгөө 19.8 мян/тн шатахууныг орон нутагт хүргэж нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой хувь нэмэр оруулан ажиллаж байна. Мөн Төмөр замын хамтын ажиллагааны байгууллага, БНХАУ-ын “Хятадын төмөр замууд корпораци” компани, БНСУ-ын Солонгосын тээврийн хүрээлэн зэрэг байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа билээ.
Төмөр замчдын ажил тасралтгүй урагшилж, улс орны эдийн засаг, зам тээврийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулан ажиллаж буй “МТЗ” ТӨХК-ийн хамт олон болон нийт төмөр замчдадаа Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье!
Сайхан наадаарай.
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ П.ГАНХҮҮ