“Монголын төмөр зам” компанийн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын туршилтын тээвэр өнгөрсөн оны 3 дугаар сараас эхлэн хэвийн үргэлжилж байна. Өнгөрсөн оны 3 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал 729,5 мянган тонн ачааг “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар тээвэрлэлээ. Үүнээс Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын 435,9 мянган тонн ачаа, 99,2 мянган тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эд-мидлинг, экспортын нүүрс 133,6 мянган тонн болон орон нутгийн тээвэр, хоосон чингэлэг гэх мэт 60,8 мянган тонн ачааг тээвэрлэжээ.
Түүнчлэн зүгшрүүлэх тээвэрлэлтээ үргэлжлүүлж 1 дүгээр сарын 30-ны байдлаар “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар “Тавантолгой түлш” ХХК-ийн 36,4 мянган тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эд мидлинг тээвэрлэжээ. “Монголын төмөр зам" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү хэлэхдээ, -“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын дохиолол, төвлөрүүлэлт, холбооны байгууламжийн барилга угсралтыг дуусгаж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах боломжтой болж, техникийн комиссоос өгсөн үүрэг даалгаврыг богино хугацаанд гүйцэтгэн Улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна хэмээв.
Эх сурвалж: МОНЦАМЭ