Бодлогын хүү он дуустал өндөр түвшинд хадгалагдах дохиог Монголбанк өглөө
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ он дуустал, мөн ирэх оны эхэн үе хүртэл мөнгөний хатуу бодлого хадгалахаар байгааг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдэв. 2025 оны төсвийн алдагдал 1.8 их наяд төгрөг хүрч, мөн батлагдах төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний 37 хувьтай тэнцэхээр байгаа нь цар тахлын өмнөхөөс бараг 10 хувиар өндөр үзүүлэлт болж буй тул макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үүднээс мөнгөний хатуу бодлогыг хэвээр хадгалахаас өөр аргагүй байгааг тэрбээр онцолж байна.
Монголбанк энэ онд бодлогын хүүгээ гурван удаа бууруулж, 10 хувьд хүргээд байгаа юм.
Энэ онд инфляц 6+-2 хувийн түвшинд тогтворжих төлөвтэй байгаа бол цаашид 2027 он гэхэд 5+-2 нэгж хувийн интервалд барих зорилттой байна. Энэхүү зорилт хэрэгжихэд гадаад болон дотоод талаас хэд хэдэн зүйлс гол нөлөө үзүүлэхээр байгааг Монголбанкны Ерөнхийлөгч мэдээллээ. Тухайлбал: худалдааны тээвэр, логистикт доголдол үүсэхгүй байх, улирлын шинжтэй дотоодын инфляцын шалтгааныг бууруулах, төсвийн зардал огцом нэмэгдэж, инфляцад үзүүлэх дарамтыг нэмж өгөхгүй байх зэрэгт анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж үзэж байна.
Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, сайжруулах чиглэлээр, банкны салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохицуулалтын орчин бүрдүүлэх талаар тусгасан гэж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцоллоо. Үүний тулд гадаад дотоодын хөрөнгө оруулагчид төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх суурь нөхцөлийг бүрдүүлэн дотоодын мөнгөний захыг хөгжүүлэх зэрэг асуудлыг тусгажээ.