Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын  Гадаад хэргийн сайд Чинь Ганы урилгаар  5 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд нар өчигдөр Бээжин хотноо албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцов. Хэлэлцээрүүдэд төмөр замын талаар хамтран ажиллах доорх хэлцлүүд багтжээ. Үүнд: 

  • Хоёр орны хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, төмөр замаар холбох ажлыг эрчимжүүлэх зорилгоор 1955 оны Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, Гашуунсухайт-Ганцмод хилийн боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг тус тус эрчимжүүлэх,

  • Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Ханги-Мандал төмөр замын боомтыг нэмж тусгах асуудлыг урагшлуулах,

  • Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсад аялах хятад жуулчдыг татах, аялал жуулчлалын компаниудын хамтын ажиллагааг дэмжих, энэ хүрээнд хоёр улсын хоорондын галт тэрэгний зорчигч тээврийн хөдөлгөөнийг ойрын хугацаанд сэргээх, нислэгийн тоог нэмэгдүүлэх асуудлууд багтсан байна.