Боловсролын ерөнхий газар, WorldSkills Mongolia байгууллагатай хамтран “Монгол ур чадвар -2025” уралдааны II шатны шалгаруулалтыг энэ сарын 1–18-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Уралдаанд мэргэжлийн болон техникийн боловсролын 12 чиглэлээр, 12 мэргэжлийн холбоод, аж ахуй нэгж байгууллага, мэргэжлийн боловсрол сургалтын төвүүдээс шалгарсан шилдэг оролцогчид өрсөлдөх юм. “Монгол ур чадвар -2025” уралдаан нь Монголын мэргэжлийн боловсролын салбарт ур чадварын түвшинг тодорхойлох чухал шалгуур бөгөөд оролцогчид мэргэжлийн ур чадвараа олон улсын стандарттай харьцуулан сорих, хөгжих өргөн боломж нээгдэх юм.
Энэ хүрээнд CNC токарь, механик инженер, CAD мэргэжлийн төрлөөр өнгөрсөн 4,5-ны өдрүүдэд зохион байгуулж шилдгүүдээ шалгарууллаа. Үүнд, механик инженер CAD мэргэжлийн төрлийн ерөнхий шүүгчээр УБТЗ-ын Төв засварын үйлдвэрийн Ерөнхий инженер Ц.Чинзориг, зохион бүтээгч инженер М.Эрдэнэсамбуу, шүүгчээр чанар шалгагч хүлээн авагч инженер Б.Сувд-Эрдэнэ, ХАБСХИ Г.Амарбилэг, инженер Б.Очирбат, мастер М.Ган-Эрдэнэ, Б.Даваасүрэн, Б.Бат-Өлзий нар ажилласан байна.
“Монгол ур чадвар- 2025” уралдааны II шатны шалгаруулалтад амжилттай оролцсон мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагын суралцагч, төгсөгч III шатны шалгаруулалт буюу Үндэсний аварга шалгаруулах уралдаанд оролцох эрхээ авах юм.
Энэ удаагийн зохион байгуулагчаар, Металл боловсруулалт, инженерчлэлийн холбоо, хамтран зохион байгуулагчаар Эрдэнэт үйлдвэр, УБТЗ-ын Төв засварын үйлдвэр, ДЦС-4 ТӨХК, Зэвсэгт хүчний 011 дүгээр анги, “ЧПМ” ХХК, “Дархангеомаш” ХХК, “Санко Тех Монголиа” ХХК, “Трансвест Монголиа” ХХК, “Варловорлд” ХХК, “Моншибасаки” ХХК, “Шинжидай металл” ХХК, “Майнспек” ХХК-иуд оролцлоо.
