Учир нь Монгол улсын гурван хүн тутмын нэг нь "сэтгэцийн эмгэг"-тэй гэж СЭМҮТ, ДЭМБ судалж гаргажээ. 

Танай оффисын өрөөнд хэдэн хүн суудаг вэ? Эсвэл таны гэр бүл хэдэн гишүүнтэй вэ? Ингээд бодохоор бидний хэн маань ч сэтгэлзүйн асуудалтай байх боломжтой харагдаж байна.

Нийт хүн амыг эрүүл сэтгэцтэй, сэтгэцийн тул­гамдсан асуудалтай, сэт­гэцийн эмгэгтэй  гэж  гурав хуваадаг.

Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн 30 хувь нь сэтгэцийн эмгэгтэй болох магадлал өндөр,  үлдсэн 70 хувь нь хэвийн байдалдаа ордог байна.

ДЭМБ-ын нэгэн судалгаанд дэлхийд нийт өрхийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн 60 хувь нь сэтгэцийн ямар нэг өөрчлөлттэй буюу сэтгэцийн тулгамдсан асуудалтай, бие махбодийн өвчлөлийн 85.7 хувь нь сэтгэцээсээ болж өвдсөн гэжээ.

Ийм учраас л бид сэтгэлээ чагнаж,  шаардлагатай бол эмчлэх хэрэгтэй юм байна. Таны сэтгэлийн эмч нь сэтгэлзүйч, бас та өөрөө юм.

Сэтгэл бол эрхтэн. Хоолой тань өвдөхөд эмч дээр очдог шиг л "сэтгэл" -дээ хандах ёстой.

Аль 1900 оноос өнөөг хүртэл лам нар ард иргэдийн итгэл үнэмшил, сэтгэл зүрхэнд ойр байсаар ирсэн. Магадгүй тэд бидний сэтгэлзүйчид байжээ. Гэхдээ орчин үед бүх зүйл өөрчлөгдсөн. Таны сэтгэлзүйн асуудлыг түр биш бүр эдгээгчид нь сэтгэлзүйчид мөн сэтгэцийн эрүүл мэндийн эмч нар юм. 

Сэтгэл зүйч, сэтгэл засалч бол номлогч, сургагч, заагч багш, сайн найз чинь биш. Мөн, таны амьдралд шийдвэр гаргагч биш юм. Тиймээс танд “тэг ингэ” гэж заах эрхгүй. Зөвхөн танд толь тусгаж, өөрөөр чинь өөрт байгаа асуудлыг тань гаргуулах, дүн шинжилгээ хийх, тэдгээр асуудлыг хэрхэн даван туулах аргуудад тусална.

Сэтгэлзүйчид хандах нь ичгэвтэр хэрэг огт биш бөгөөд өөртөө, гэр бүлдээ хайртай, нийгэм дэх өөрийн байр сууриа хадгалж улмаар нэмэгдүүлэх хүсэл, чадвартай хувь хүний ухамсарт үйлдэл аж. 

Сэтгэлзүйчид очих ёстой юу?

Түгшүүр, айдас, сэтгэцийн гэмтэл (trauma), сэтгэцийн гэмтлийн дараах стресст эмгэг (post traumatic stress disorder), сэтгэл гутрал, амиа хорлолт, хагацал, уй гашуу, стресс, хүчирхийлэл (гэр бүлийн, хосуудын, гудамж талбайн гэх мэт). Мөн гэртээ ахмад настай эсвэл хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ асран халамжилдаг бол түүнээс үүдсэн стресс гэх мэт хүний амьдралд тохиох бүхий л асуудлуудын үед хандаж болно. Мөн хүн хоорондын харилцаанд үүссэн бэрхшээлийн үед та сэтгэл зүйчид хандаж болно. Үүнд хосын, гэр бүлийн, хүүхэд, найз нөхөд, ажлын гэх мэт. Ажлын байран дахь зөрчил, ажлын гүйцэтгэл, ажлын стресс гэх асуудлуудаар сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээнд хандаж болно гэжээ.

Эдгээрээс гадна сэтгэцийн эмгэгийн шинжтэй жишээлбэл, хоёр туйлт эмгэг, сэтгэл гутралын эмгэг, шизофрен гэх мэт сэтгэцийн эмгэгтэй бол сэтгэцийн эмчид эсвэл нарийн мэргэшсэн, олон жилийн туршлагатай сэтгэл засалчтай уулзах хэрэгтэй байдаг байна. 

Бидний гаргадаг нийтлэг алдаа:

Ганцаардах, сэтгэл хоосрох, өөртөө итгэлгүй байх, гутранги болох, айдаст автах, уур уцаартай болох, нойргүйдэх, дуу чимээ чийртэй санагдах, бусадтай үр дүнтэй харилцаж чадахаа байх, амиа хорлох тухай бодож эхлэх зэрэг сэтгэлзүй, сэтгэцийн асуудлын ноцтой шинж тэмдгийг үл тоох, өөрөө намжаах гэж хичээх, тайвшуурлах эм бэлдмэл дур мэдэн хэрэглэх, найз нөхөд, бусдын үгэнд автах гэх мэт хандлага, үйлдлүүд нь асуудлыг улам бүр хүндрүүлдэг. Та эдгээр алдааг битгий давтаарай.

Эрүүл амьдрах зарчмууд:

Өглөө бүхэн зорилготой сэр, төлөвлөгөөтэй ажилла, чамд тохиолдсон уйтгар гуниг, баяр жаргалыг хуваалцах үнэнч найзтай бол, ажлын ачааллаа тэнцүүл, хүчирхийллийг бүү тэвч, харилцааны урлагт суралц, стресс ядаргаагаа тайлж дуулж бүжиглэ, хөгжилд. Мөн хобби дуртай зүйлтэй бол, спортоор хичээллэ, ууланд алх, хүүхэд хүмүүжүүлэх, өсгөхдөө бусдын тусламжийг ав, санхүүгээ удирдах арга барилд суралц, амьсгалын дасгал хийж хэвш, өөрийн болон бусдын хийсэн бүтээсэнд сэтгэл хангалуун талархаж сур, муу зуршил, муугаар үлгэрлэх нөхдөөс хол бай, өөртэйгөө ярилцаж, өөрийгөө үнэл, хүндэл... гэх мэтээр үргэлжлэх бөгөөд сэтгэлзүйч, сэтгэцийн эмчийн тусламжийг авахаас хэзээ ч бүү татгалзаарай. 

Хөгшин залуу, хүүхэд томчууд, эрэгтэй, эмэгтэй ялгаагүй өдөр бүр, цаг минут тутамд сэтгэл зүйн мэдрэмж, асуудлуудтай тулгарч байдаг. Гагцхүү түүнийгээ мэдрэх, илэрхийлэх, цэгцлэх арга ухаан чадвар чухал юм. Сэтгэл өвдвөл бие өвддөг. Сэтгэлээ үргэлж хяна, барь. Баяр гунигийг тэнцүүл. 

Сэтгэл нь огторгуй адил хэлбэр дүрсгүй, баригдах барьцгүй, харагдах бараагүй ч таны цаг мөч бүрийн үнэ цэнэ, аз жаргалын эзэн мэт оршдог.

 

Эрүүл мэндийн сэтгүүлч Б.Батцэцэг