УБТЗ-ын Зам засварын машинт станцын дарга, Монгол улсын Гавьяат тээвэрчин, Техникийн ухааны доктор Д.Батбаатар уламжлалт анагаах ухааны “Оточ Манрамба” их сургуулийн нэгдүгээр дамжаанд элсчээ. Тэрбээр их сургуульд элсэж оюутан болсон сэтгэгдлээ  хичээлийн шинэ жилийн эхний өдөр хуваалцахдаа “Би багаасаа зовж шаналсан хүмүүст тус дэм болох юмсан гэсэн хүсэл мөрөөдөлтэй байсан. Тэр хүсэл маань намайг энэ хүртэл хөтөлж, багш нартайгаа уулзаад “Оточ Манрамба” их сургуульд орох шалтгаан маань улам баяжиж, уламжлалт анагаах ухааныг үзэж судлах туйлын хүсэлтэй ирлээ. Уламжлалт анагаах ухааны нууцад нэвтэрч сайн эмч болох юмсан гэж зорьж байна” хэмээн хэлжээ. Эдүгээ 57 настай тэрбээр 1988 онд тухайн үеийн ЗХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуулийг замын инженер мэргэжлээр дүүргэж, замчнаас УБТЗ-ын орлогч дарга хүртэл дэвшин ажилласан энэ салбарын нэртэй мэргэжилтнүүдийн нэг бөгөөд түүний удирдсан Зам засварын машинт станц сүүлийн хоёр жилд өрнөсөн шинэ төмөр замын бүтээн байгуулалтад оройлон оролцсон билээ. Д.Батбаатар 2021 оны зургаадугаар сард Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Гавьяат тээвэрчин цол хүртсэн юм. Мамба дацангийн хамба лам Д.Нацагдоржийн 1991 онд үүсгэн байгуулсан “Оточ Манрамба” их сургууль нь уламжлалт анагаах ухааны хүний их эмч, уламжлалт анагаах ухааны сувилагч, эмзүйч, Буддын гүн ухаан судлаач гэсэн үндсэн дөрвөн мэргэжлээр 4-6 жил сурган бакалаврын зэрэг олгохоос гадна магистр, доктор, мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг явуулж байна.  

Гэрэл зургийн эх сурвалж: “Оточ Манрамба” их сургууль