Энэтхэгийн “Livemint” сайтад Монгол Улстай холбоотой нэгэн нийтлэл гарсныг тоймлон хүргэж байна.
Монгол Улсаас Энэтхэгт суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд тус сайтад Монгол Улс дотоодын төмөр замын холболтыг бий болгоход Энэтхэгийн компаниудтай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тухай ярьсан байна. Элчин сайд Д.Ганболд хэлэхдээ “Манай улсын хойд хэсгийг урд зүгтэй холбосон ганц гол төмөр зам бий. Энэ бол Монголын нутгаар дамжин Бээжин хүртэл явдаг Оросын Транссибирийн төмөр зам юм. Монгол Улс цаашдын хөгжлөө дэмжиж баруун тийш хэвтээ тэнхлэгийн төмөр замтай болохоор ажиллаж байна. Энэтхэгийн пүүсүүд төмөр зам, хурдны зам зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр мэргэшсэн” гэжээ.
Энэтхэг улс бусад оронд төмөр замын төсөл хэрэгжүүлж байсан туршлагатай. 1974 онд байгуулагдсан Төмөр замын Энэтхэгийн техник, эдийн засгийн үйлчилгээ (RITES) нь бусад улс орнуудад дэд бүтцийн судалгаа, хөдлөх бүрэлдэхүүний зураг төсөл, тоног төхөөрөмжийн дизайн, инженерийн цогц үйлчилгээг үзүүлдэг.
RITES нь Ази, Африк, Латин Америк, Өмнөд Америк, Баруун Азийн 55 оронд төсөл хэрэгжүүлсэн байна. Одоогийн байдлаар тус компани Балба, Шри Ланка, Мозамбик, Маврики, Бангладеш, Ботсванад үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
Монгол Улсын төмөр замын төслүүдэд БНЭУ-ын Засгийн газартай эхний ээлжинд хэлэлцээ хийж байгаа бөгөөд энэ онд хүлээгдэж буй Засгийн газар хоорондын комиссын дараагийн хурлаар энэ асуудлыг хөндөнө гэдгийг Элчин сайд Д.Ганболд онцолжээ.
Тэрээр “Хоёр улс эдийн засгийн хувьд ойртохын тулд тогтмол шууд нислэг бий болгох талаар ярилцаж байна. Энэ жилээс сард хоёр шууд нислэг хийх талаар ярилцсан. Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэрийг барих ажилд Энэтхэгийн пүүсүүд ч мөн оролцож байна. Монголд баригдаж буй Газрын тосны үйлдвэр нь Энэтхэгийн Засгийн газрын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр баригдаж байгаа бөгөөд 2025 онд ашиглалтад орно. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээний 70 хувийг дотоодоосоо хангана” гэжээ.
Монгол Улс одоогоор ОХУ-ын нефтийн экспортоос бүрэн хамааралтай байгаа бөгөөд 2015 онд Ерөнхий сайд Нарендра Моди далайд гарцгүй Зүүн хойд Азийн улсад айлчлах үеэрээ Энэтхэг, Монгол хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн юм.
Эх сурвалж: Livemint