2023 онд Монгол Улс БНХАУ-д 66.7 сая тонн нүүрс экспортолж, Ковидын өмнөх дээд амжилт буюу 37 сая тонноосоо 80 хувиар давуулсан. Нүүрсний экспорт ийнхүү өссөнөөр өнгөрсөн онд манай улсын төлбөрийн тэнцэл болон урсгал данс сүүлийн 20 гаруй жилд анх удаа ашигтай гарлаа. Тодруулбал, төлбөрийн тэнцэл 1.4 тэрбум ам.доллар, урсгал данс 467 сая ам.долларын ашигтай гарсан. Төлбөрийн тэнцэл болон урсгал дансны ашиг нь Монголд ам.доллар улам л элбэгшиж буйн илрэл болдог. Тэр хэрээр төгрөгийн ханш тогтворжиж, өнгөрөгч онд ам.долларын эсрэг нэг хувиар чангарчээ.
2023 онд юу болов
Том зургаар харвал, 2023 онд БНХАУ “Тэг Ковид” бодлогын хязгаарлалтаа сулруулж, хилээ нээсэн. Мөн Австрали улсаас авах нүүрсний хэмжээгээ бууруулж, зөрүүг Монгол Улс болон ОХУ-аас хангах бодлого баримталжээ. Энэ хугацаанд Монгол Улс нүүрсний экспортын дэд бүтцээ сайжруулж, үнийн хувьд өрсөлдөх чадвараа сайжруулсан. Ингэснээр Монгол нүүрс Австралийнхаас 50 хувь, Оросынхоос 20 орчим хувиар хямд борлуулагдах боломжтой болсныг Ройтерс агентлаг онцолжээ.
Тус улсын эрх баригчид цаашид ч Монгол Улсаас ахиу нүүрс импортлохыг зорьж буй бөгөөд үүний тул Монгол Улстай хиллэдэг Ганц мод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 5.58 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Нүүрсний салбарын энэхүү өндөр өсөлт нь 2023 онд Монгол Улсын нүүрсний салбарын томоохон компаниудын хувьцааны үнэ дээр ч тусгалаа олсон. Тодруулбал, Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй MMC (Mongolian mining corporation) хувьцааны ханш 2023 онд гурав дахин, дотоодын хөрөнгийн биржид бүртгэлтэй TTL (“Тавантолгой” ХК)-ийн хувьцааны ханш хоёр дахин өссөн юм.
2024 он: Хөрөнгө оруулагчдын хүлээлт эерэг байна
Шинжээчид Монгол Улсын БНХАУ-д экспортлох нүүрсний хэмжээ 2024 онд өмнөх оноос дахин 10 гаруй хувиар өсөх боломжтой гэж таамаглаж байна. Үүнд нүүрсний үнээс гадна Монгол Улсын нүүрсний тээврийн салбарт хийж буй хөрөнгө оруулалт, дэд бүтцийг сайжруулж буй хөрөнгө оруулалт нөлөөлж байгаа аж. Монгол Улсын Засгийн газар өнгөрөгч онд гадаад өр, төлбөрийн оновчтой зохицуулалтыг хийж, 8.66 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай 650 сая ам.доллар, 8.875 хувийн хүүтэй 5.5 жилийн хугацаатай, 350 сая ам.долларын бондыг гаргасан. Үүгээр 2024, 2025 онд төлөгдөх өр төлбөрүүдийг дахин санхүүжүүлж, ойрын хоёр жилд томоохон өр, төлбөргүй болсон нь хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэлийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж буй аж.
Гадаад валютын нөөц 36.2 хувиар нэмэгдэв
2024 оны нэгдүгээр сарын эцсийн байдлаар Монгол Улсын гадаад валютын нөөц 4.85 тэрбум ам.долларт хүрч, жилийн өмнөхөөс 1.29 тэрбум ам.доллароор буюу 36.2 хувиар өслөө. Үүнтэй зэрэгцэн төгрөгийн ханш зах зээлийнхээ жамаар буюу ам.долларын урсгал нэмэгдэхтэй зэрэгцэн чангарч байна. Тодруулбал, төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2023 онд 1 хувь, он гарснаас хойш нэгдүгээр сарын эцсийн байдлаар 0.3 хувиар тус тус чангарав. Тоон утгаар харвал ам.долларын ханш 2023 оны гуравдугаар сард төгрөгийн эсрэг 3528 төгрөгт хүрч байсан бол одоо 3394 төгрөгт хүрч, буурчээ.
https://itoim.mn/a/2024/02/20/economy/xnb
