Пянз хэмээх гайхалтай эд анх 1910-аад оноос Европт дэлгэрсэн түүхтэй. XX зуун, тэр дундаа 1960-аас 1990-ээд он бол пянзны оргил үе байлаа. Дэлхий нийт, хөгжмийн ертөнц тэр чигтээ пянзаар амьсгалж, тухайн үеийн гайхалтай дуунууд пянз тоглуулагчаар амь орж, хүн төрөлхтөнд хүрч байсан юм. Тэгвэл Монголчууд энэ гайхамшигаас хоцролгүй 1933 онд анхны пянзаа бичүүлсэнээс хойш эдүгээ 90 жилийн түүхийг ардаа орхижээ. Монголын уран бүтээлчид 1988 он хүртэл маш олон пянзыг гаргасан байдаг. Хамгийн чанартай хөгжмийн дуугаралтыг пянзны гадаргуун дээр буулгаж, насан туршдаа сонсож, хэдэн үе дамжуулан хадгалж болдог, соёлын биет өв, оюуны өмч, түүхийн гэрч гээд олон давуу талыг өөртөө агуулсан гайхамшиг билээ. Сүүлийн үед залуус пянзны давтагдашгүй гайхамшигтай эгшиг аялгууг эргэн сонсож эхэлж байна. Энэ бүхний илрэл болгон Цагаан лавай болон Төмөр замын чуулга, World music gallery-тай хамтран “МОНГОЛ ПЯНЗ-33” Сонгодог үдэш тоглолтыг ирэх Баасан гарагийн үдэш зохион байгуулахаар болжээ. Тоглолтыг энэ сарын 10-нд 20 цагаас ганцхан удаа ГАН ЗАМ ПАЛАС-д зохион байгуулах гэж байна. "МОНГОЛ ПЯНЗ-33"- Сонгодог үдэш тоглолт бол тэртээх 1930-1940 оны хооронд бичигдсэн пянзнуудын хөг аялгууг тайзан дээрээс, тэр үеийнх нь дуугаралтаар, бодитойгоор сонсох алтан боломжыг олгоно. Урлаг соёлын байгууллагынхан хамтран Монголын орчин үеийн урлагийн эхлэл болсон гайхамшигт хүмүүсийн дуу хоолой, хөг аялгуу, үүх түүхийг нь эргэн дурсах, өв соёлоо магтан дуулах нэгэн үдшийг үзэгч түмэндээ хүргэхээр ийнхүү зорьжээ. Ганцхан удаа тоглогдох энэ тоглолтоос Монголын анхны пянзнуудын хөг аялгууг сонсохоос гадна тухайн үеийн пянзанд бичигдсэн дуу эгшигийг орчин цагийн уран бүтээлчид хэрхэн амилуулж, дуулж байгааг сонсож мэдрэхээс гадна WORLD MUSIC GALLERY -аас гаргасан ДЭЛХИЙН ПЯНЗНЫ ХӨГЖЛИЙН ТҮҮХ нэртэй үзэсгэлэнг сонирхож мэлмий сонороо хамтад нь мялаах нэгэн үдэш болох нь ээ.