Нүүр Түүхийн хуудас сөхөхүй Вагоны үйлчлэгч эрхэм сайхан мэргэжил байлаа
Түүхийн хуудас сөхөхүй

Вагоны үйлчлэгч эрхэм сайхан мэргэжил байлаа

G.Press 8 цагийн өмнө 17 үзэлт 0 сэтгэгдэл

УБТЗ-ын Техникумын Техник мэргэжлийн сургуулийн 1975 оны төгсөгч, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан П.Энхтуяагийн "Нарлаг Монгол" галт тэрэгний 50 жилийн ойдоо зориулж бичсэн дурсамжийг уншигчдадаа хүргэе.

Д.Энхтуяа сургуулиа онц дүнтэйгээр дүүргээд УБТЗ-ын депод вагоны үйлчлэгч, зааварлагч зэрэг ажлуудыг хийж байжээ. Тэрбээр Вагоны аж ахуйн ууган гавьяат юм. Тэрбээр, "Миний бие багаасаа бүжигчин болох хүсэлтэй учир бүжгийн дугуйланд суралцаж байлаа. Тэр үеэр нагац ах Ө.Очирбат вагоны машинч, түүний эхнэр, бэргэн эгч М.Тогтох нь вагоны үйлчлэгч, хоёул төмөр замд ажиллахыг нь хараад залуу насны дэврүүн хүслээр тэднийг харж хөглөгдөн  аятай сэтгэгдэл ихээр төрдөг болжээ.  Ийнхүү нууцхан хүсэж явтал УБТЗ-ын Техникумд олон улсын галт тэрэгний үйлчлэгчийн анги ч нээгдэж  10 төгссөн охидыг авч байгааг сонсоод эргэлзэх зүйлгүй шалгалт өгч элссэн" хэмээлээ.

Тухайн үед аравдугаар ангиа төгссөн охидод энэ нь бараг их дээд сургуулийн хуваарь шиг эрхэм чухал байлаа. Тэнд Ч.Энхцэцэг гэдэг ганган багштай таарч төмөр замын вагоны үйлчлэгч гэдэг сахилга бат сайтай, эмх цэгцтэй, цэвэрч нямбай ажиллаж чадваас адаглаад төмөр зам цаашлаад улсын нүүр царайг илэрхийлэх чухал мэргэжил гэдгийг ойлгож шамдан суралцаж онц дүнтэй төгсжээ.

Төгссөн даруйд орон нутгийн галт тэргэнд үйлчлэгчээр орж төмөр замын ажлын захаас мэдэрч эхэлжээ. Тэгсээр мөн оныхоо 12 дугаар сард туршилтын аялалаар анх удаа алтан Москваг зорих аялалд багтаж чаджээ. Тэр аяллаар их л олон юмыг суралцаж, вагоны хөлдүүсийг ч хүртэл төвөггүй гаргаж сураад авав.  Өмнө нь вагоны хөлдүүс арилгахдаа  нарийн төмөр улайсгаад хөлдсөн хоолой руу хатгаж гэсгээн цэвэрлэдэг байв. Энэ байдлыг өөрчилж урт резин хоолойтой бигнүүрт халуун ус хийгээд түүгээр хөлдүүсийг хялбархан гаргадаг болсон нь тухайн цагтаа л дэвшил байв. Энэ мэтээр үйлчлэгчийн ажилд аажим дасаж бас хуучцуулаасаа суралцсаар байлаа. 1976 оны эхээр гадаад явах вагоны үйлчлэгч нарыг тодруулахдаа зөвхөн депогоор хязгаарлагдахгүй  УБТЗ-ын ХЭГ-т дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр шалгаруулсан юм.

Миний бие тус шалгуурт нь тэнцсэнээр үл барам үйлчлэгчдийн дүрмийн хувцасны загвар өмсөгчөөр тодорч Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Ч.Сүрэн гуайн өрөөнд ч орж байсан удаатай хэмээн тэрбээр дурсаж байна. Москвагийн галт тэрэгний Залуучуудын бригадын дарга Л.Лхагвын цуваанд хуваарилагдсан аж. Галт тэрэгний мастераар Ч.Нямхүү, Т.Банк нар ажиллаж Лхагва, Нямхүү нар депод хариуцлагатай ажил эрхэлж явсан хүмүүс байв. Миний бие тэр аяллаар Х.Цэцэгмаатайгаа нэг вагонд, хажуугийн вагонд Н.Даваасүрэн, Б.Оюунцэцэг нар ажиллаж аялж байлаа. Манай галт тэргэнд ихэнх нь оросууд, ОХУ-ын мэргэжилтнүүд зорчиж байсан. Тэд, “Танай галт тэрэг манайхаас хамаагүй дээр гэж сонссон” гэж ярьсан санагдана. Оросуудаас гадна гуравдагч орны жуулчид, гадаадад сурдаг монгол оюутнууд ч явж байсан. Москвагийн галт тэргэнд манай ангийн Б.Түмэнбаяр, Б.Март, Н.Даваасүрэн, М.Мандах, Г.Лхам-Осор, М.Нарангэрэл, П.Цээсрэг, О.Хуланхүү, Цогтсайхан, Р.Жавзан, Д.Оюунгэрэл, Б.Маамчулуун, Оюунчимэг, Д.Сумъяа, Ж.Намжилмаа, Д.Алтанцэцэг, Д.Самбуу, Д.Чулуунбаатар, Б.Ягаанцэцэг, Ж.Минжмаа, Б.Эрдэнэчимэг, Ц.Эрдэнэчимэг нарын охид хөвгүүд байлаа. 

Ахмад үйлчлэгч Р. Ичинхорлоо Д.Норонпил, Д.Лида, Даариймаа нараасаа эдгээр залуус их зүйл сурчээ."Миний бие дээр дурдсан багшийнхаа сургаалиар хичээнгүйлэн ажиллаж, ялангуяа хүмүүстэй зөв харьцаж байснаар 1983, 1985, 1994, 1996, 1997 онд УБТЗ-ын мэргэжлийн аварга болж, 1989 онд тээврийн салбарын чанарын улсын аварга, 1999 онд мөн Замын тэргүүний ажилтнаар шалгарч байлаа. Ер нь, дурсамж бичих гэхээр маш их юм орж ирэх боловч Москвагийн галт тэрэгтэй холбогдуулах шаардлагатай гэсэн тул үүгээр дуусгая даа. 

Эцэст нь вагоны үйлчлэгч галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон аюул осолгүйн ажиллагааны дүрмийг ягштал биелүүлж, хүмүүстэй зөв харьцаж, соёлч үйлчилгээг ажилдаа нэвтрүүлэхийг үргэлж бодож явахыг залуустаа сануулъя.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.