Нүүр Ахмад үе М.Ганбат:Эрүүл мэндийн оношилгоот аяллыг өргөтгөн зохион байгуулна
Ахмад үе

М.Ганбат:Эрүүл мэндийн оношилгоот аяллыг өргөтгөн зохион байгуулна

G.Press 1 жилийн өмнө 137 үзэлт 0 сэтгэгдэл

 

УБТЗ-ын Ахмадын холбооны дэд дарга М.Ганбаттай уулзаж ярилцлаа.

 

-Өнгөрсөн онд УБТЗ-ын Ахмадын холбоо байгуулагдсаны 45 жилийн ой тохиосон. Ойн хүрээнд ямар ажлуудыг хийсэн бэ?

 

-УБТЗ-ын Ахмадын холбоо 8562 ахмадыг эгнээндээ нэгтгэсэн том байгууллага. Ахмадууд жилээс жилд нэмэгдсээр байна, энэ нь  дундаж наслалт нэмэгдсэнтэй холбоотой. Өнгөрсөн жил УБТЗ байгуулагдсаны 75, Ахмадын холбооны 45 жилийн ой тохиосон. Нийт 72 ажил төлөвлөж 100 хувь биелүүлсэн. Төлөвлөгөөнд тусгагдаагүй 7-8 ажил нэмж хийсэн. Ахмадуудын эрүүл мэндийг илүү анхаарч урд хөрш рүү эрүүл мэндийн оношилгоот аялалыг хоёр удаа хийлээ. Ахмад баялаг бүтээгчдийн үзэсгэлэн гаргалаа. Эмчийн кабинетыг өргөтгөж 6-7 аппараттай болсон, хөдөлгөөний хомсдолоос сэргийлж өглөө бүр дасгал хөдөлгөөнийг тогтмолжууллаа. Бүх хороо, зөвлөл, зангилаадад явган аялал, алхалтыг тогтмол хийдэг болсон. Төмөр замаас өгдөг санхүүжилтээс ахмадын дэд сан байгуулж үүнээс их зүйл шийддэг. Жил бүр ахмадуудад  ажилласан жилээр тооцож тэтгэлэг олгодог. Жил бүр тэтгэлгийг нэмдэг. Зорилтот бүлэг, түлээ нүүрсний хөнгөлөлтийг нэмсэн. Хороо зөвлөлийн дарга нарын урамшууллыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлсэн. Замын даргын хавар, намрын үзлэгт Ахмадын холбооноос төлөөлөл явж, асуудлуудаа шийдвэрлүүлж байна.

 

- Гурван үеийн уулзалтын үеэр ахмадуудын орон сууцны асуудал хөндөгдөж байсан. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?

 

-Энэ нь тулгамдаж байгаа асуудал. Үргэлж хөндөгдөж, тодорхой хэмжээнд шийдвэрлэхээр зорьж ажилладаг. Тухайлбал, өртөө зөрлөг дэх ахмадууд технологийн байрнаасаа гарахгүй байна гэсэн хэл ам их гардаг. Зөрлөг өртөөдөд байрны хүрэлцээ муу, шинэ ажилтан, албан хаагчдаа оруулахын тулд ахмадуудыг технологийн байрнаас гарах мэдэгдэл өгдөг. Байраа өгч байгаа нэгэн байхад чөлөөлж чадахгүй ахмадууд ч байна. Шинээр орон сууцанд ахмадуудыг хамруулах,  хуучин байрнаас өгөх зэргээр тодорхой хэмжээнд шийдэж л байна.

 

- Ахмадын тухай хууль шинэчлэгдэж 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөж эхэлсэн. Ямар зүйл заалт нэмэгдэж хэрэгжиж байгаа вэ?

 

-Ахмадын үндэсний чуулган болж өндөрлөсөн.Тэтгэврийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж жил бүр шинэчлэн тогтоохоор хуульчилсан. Өндөр настны тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд нөхөр, эсвэл эхнэрийн тэтгэврийг нэмэгдүүлэх тусгай зохицуулалттай болсон.   

50 түүнээс дээш ажиллагсадтай аж ахуйн нэгжид хоёроос доошгүй хувьд нь ахмад настан авч ажиллуулах. Өндөр настны тэтгэвэр авах эрх нь үүссэн ахмадыг өөрөө тэтгэвэрт гарахыг хүсээгүй тохиолдолд тэтгэвэрт гарахыг шаардах, хөдөлмөр эрхлэлтийг гэрээг цуцлахыг хориглосон. Эмэгтэйчүүд 60, эрэгтэйчүүд 65 нас хүртэл мэдэгдэл өгч ажлаас чөлөөлөхийг хориглосон.

Ахмад настан өөрөө нийгмийн даатгалын шимтгэл төлөх шаардлагагүй гэж үзвэл тэтгэврийн даатгалын шимтгэлийг 8.5 хувийг ажилтан, ажил олгогч төлөх шаардлагагүй. Нийгмийн халамжаас олгож байгаа нийт зардлын арваас доошгүй хувийг ахмад настны нийгмийн оролцоо, хөгжлийг дэмжих үйлчилгээнд зарцуулахаар тусгасан. Ахмад настан магадлан итгэмжлэгдсэн 17 орчим рашаан сувилалд 50 хувиар хөнгөлүүлдэг байсан бол шинэ хуулиар  магадлан итгэмжлэгдсэн бүх сувилалд хөнгөлөлттэй сувилуулдаг болсон. Ахмад настны протезийг таван жилд нэг удаа сольдог байсныг гурван жилд нэг удаа болгосон. Тэжээн тэтгэх хүүхэдгүй ганц бие ахмад настанд түлээ нүүрсний тэтгэмж олгоно гэж заасныг нийгмийн халамжийн туслалцаа зайлшгүй авах шаардлагатай ахмад настанд олгохоор зохицуулж хамрах хүрээг нэмэгдүүлсэн. Манайд бол энэ нь хүн бүрт өгөхөөр болж байгаа юм. Ахмад настнаа хүндлэх, уламжлалт ёс заншлаа өвлүүлэх, мэдлэг туршлагыг залуу үед хүргэх арга хэмжээг ахмадын өдрийн хүрээнд бүх шатны Засаг дарга, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд хүлээж аравдугаар сарын 01-07-ны өдрүүдэд  зохион байгуулж байхаар болсон.

ЭМДС-гийн төсөв 2025 онд 2.5 их наяд болж зургаа дахин нэмэгдсэн. Иргэн бүрийг хоёр жил тутамд үзлэг шинжилгээнд хамруулахаар 2025 онд 38 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Эмийн үнийн хөнгөлөлтийн төсөв 2025 онд 171 тэрбум төгрөг болгон тав дахин нэмэгдсэн. Эмийн сан ажилладаггүй алслагдсан хэсэгт  эмийн сан байгуулах үүрэг даалгавар өгчээ.

Хэрвээ ахмадын сан байгуулаад өгсөн байгууллагыг улсад төлдөг татвараас  сан байгуулж өгсөн хувиар нь хөнгөлж өгнө. Татвар руу ороод юунд ч зарцуулагдсан мэдэгдэхгүй нэг хувиар сан байгуулж өгөх  уриалга их гарах болсон.

 

-Ахмадын холбооноос 2025 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар товч танилцуулна уу?

 

-Ахмадын холбоо жил бүр календарьчилсан төлөвлөгөөгөө гаргаад явдаг. Хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх уралдаан тэмцээн, шугаман бүжиг, аэробек, хийн дасгал зэрэг эрүүл мэндийг дэмжиж, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зориулж төлөвлөгөөндөө түлхүү тавьж өгсөн. Эрүүл мэндийн оношилгоот аяллыг өргөтгөн зохион байгуулна. Үндэснийн спортыг өвлүүлье гэсэн бэсрэг наадам санаачлан зохион байгуулдаг. Залуучуудын төв байгууллага, Үйлдвэрчний холбоо нэгдэж ивээн тэтгэж хамтран зохион байгуулахаар болсон. Тэмцээн бүрт ахмад, залуучууд ордог. Энэ жилээс Аялал жуулчлалын газар, Замчин спорт хороо нэмэгдэж улам өргөжиж байна.

 

-Авьяаслаг ахмадууд урд замд тоглолтоо толилуулжээ. Хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй явсан бэ?

 

- УБТЗ-ын Ахмадын холбооны 45 жилийн ойд зориулж өнгөрсөн жил 62 хүний бүрэлдэхүүнтэй ахмад авьяастнуудын нэгдсэн концерт найруулж толилуулсан. Энэ концертоос түүвэрлэн шугам замд тоглуулахаар болж энэ ажлыг урд замаас эхлүүллээ. Сар шинийн баярыг тохиолдуулан ахмад төмөр замчдадаа урлагаар үнэ төлбөргүй үйлчлэх зорилгоор Чойр, Сайншанд, Замын-Үүд өртөөнд тоглолтоо хийжээ. Нэгдсэн концертоос түүвэрлэж 31 хүний бүрэлдэхүүнтэйгээр зангилаадад тоглолтоо хийж, “Учиртай гурав” дуулалт жүжгийн хэсгээс болон дуу хуур, бүжиг, амьд хөгжмийн хамтлагийнхан нийтдээ 400 гаруй үзэгчдэд уран бүтээлээ толилууллаа. Мөн УБТЗ-ын Ахмадын холбооноос "Монголын  шатрын холбоо”-ны нэрэмжит шатрын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн Сайншанд  зангилаанд амжилттай болж өнгөрлөө. Эрэгтэйчүүдээс Ж.Өлзийбаатар I байр, Р.Төмөр-Очир II байр, Д.Батхүү III байрт шалгарч, эмэгтэйчүүдээс шатраар М.Бумбааш тэргүүлж, З.Энхтуяа, Р.Дуламжав нар удаалж, Замын-Үүд  зангилаанаас Ш.Баянжаргал нэгдүгээр байрт А.Энх-Амгалан, Л.Сайханбилэг нар хоёр, гуравдугаар байрыг эзэлж, мөнгөн шагналаар урамшуулсан. Цагаан сарын баярын дараа хойд замд концертоо толилуулна. 

 

-Ярилцлага өгсөн Танд баярлалаа.

 

 П.Түмэндэмбэрэл

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.