Сар шинийн босгон дээр Улаанбаатар төмөр зам ХНН-ийн шилдэг алба, хэлтэс, аж ахуйн нэгж, төмөр замчдыг шагнаж урамшуулдаг уламжлалтай. УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн, “Өнгөрч буй луу жил буян хишгээ хайрласан өгөөжтэй сайхан жил байлаа. Манай төмөр замчдын хувьд луу жил түүхэн тэмдэглэлт ойн жил байсан төдийгүй хөдөлмөр бүтээлийн бахдам амжилтаар дүүрэн жил байлаа. УБТЗ-ын хамт олон бид түүхт 75 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж, тус нийгэмлэгийн улс орныхоо хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг төр засаг өндрөөр үнэлж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан явдал нь манай 16000 төмөр замчдын урам зоригийг сэргээсэн түүхэн баярт үйл явдал боллоо. Манай төмөр замчид 33.4 сая тонн ачаа тээвэрлэж, 24.2 сая тонн ачаа ачиж, 3114 чингэлгийг галт тэрэг дамжин өнгөрүүлсэн зэрэг ачаа тээврийн бүхий л үзүүлэлтээр шинэ түүхэн амжилтууд үзүүлж могой жилээ угтлаа. Мөн нийгэмлэгийнхээ дүрмийн санг 167.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсний үр дүнд ОХУ-ын хөрөнгө оруулалтаар гол замын таван шинэ зүтгүүрээр хөдлөх бүрэлдэхүүний баазаа нэмэгдүүллээ. Нийгэмлэгийн ачаа тээврийн тарифыг индексжүүлэх ажлыг эрчимтэй үргэлжлүүлэн хийсэн. Ялангуяа сүүлийн 30 гаруй жил алдагдалтай явж ирсэн манай нийт тээврийн 3.1 хувийг эзэлдэг орон нутгийн харилцааны нүүрсний тээвэрлэлтийн тарифыг энэ оны эхний өдрөөс 15.5 хувиар индексжүүлсний үр дүнд алдагдалтай байсан гурван бүлгийн нэг орон нутгийн харилцааны нүүрс тээвэрлэлт алдагдалгүй болсон. Тээврийн тарифийн индексжүүлэлтийг эрчимтэй хийж нийгэмлэгийн санхүүгийн алдагдлыг эрс бууруулж чадсаны үр дүн эхнээсээ гарч эхлээд байна. Өөрөөр хэлбэл, тарифын алдагдал буурч, тээврийн орлого нэмэгдсэнээр техникийн шинэчлэл хийх, төмөр замчдын нийгмийн асуудлыг шийдэх боломж нэмэгдэж байна. Дэлхийн зах зээл дээр сэлбэг материалын үнэ өссөн ч бид гол замдаа 45 км замын их засвар хийж, зарим шаардлагатай зөрлөгүүдэд өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийлээ. Мөн зорчигч тээврийн үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахын тулд Зорчигч тээврийн хонгилон гарцыг олон улсын жишигт нийцэхүйц шинэчилж чадсан. Нийт ажилтнуудынхаа үндсэн цалинг өнгөрч байгаа жил наймдугаар сараас  нэмэх байсан ч зургадугаар сараас арван хувиар нэмснээс гадна жилийн эцсийн үр дүнгийн шагналт цалинг 200 хувиар тооцож олгоод байна. Замчдадаа сар бүр цалин дээр нь 150-300 мянган төгрөгийн нэмэгдэл цалин олгодог боллоо. Мөн хүүхэд асрах чөлөө авсан төмөр замчин ээжүүддээ 220 мянган төгрөгийн тэтгэмжийг сар бүр олгодог болсон бөгөөд Хөдөлмөрийн баатар цолны хишиг 100 мянган төгрөгөөр нийт ажилчдаа шагнаж урамшуулсан. Энэ мэтчилэн тээврийн тарифыг алдагдалгүй болгож тээврийн орлого нэмэгдсэний үр шимийг хүртэж байна. Тогтвор суурьшил үр бүтээлтэй ажиллаж байгаа эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон шилдэг тэргүүний төмөр замчдаа шагнаж урамшуулдаг журмын дагуу Сар шинийн баярын босгон дээр нийгэмлэгийн мэргэжлийн аваргаар шалгарсан төмөр замчдаа гадаадад аялуулж урамшуулахаар Замын удирдлага шийдсэнийг та бүхэнд  баяртайгаар мэдэгдье. Улиран одож байгаа луу жилд эрсдэлийг урьдчилан тооцож, олон ажлыг хийсний үр дүнд хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тал дээр томоохон ахиц өөрчлөлт гарлаа. Ийнхүү төмөр замчид бид бахдам амжилтаар буурал жилээ үдэж буянтай сайхан жилээ угтаж байна. 2025 оныг бид “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил” болгон зорилт дэвшүүлсэн. Уг ажлын хүрээнд Замын удирдлага есөн зорилт дэвшүүлж, эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд 45 арга хэмжээ, 143 үйл ажиллагаа зохион байгуулж, нэг стратеги, хоёр хөтөлбөр, таван журам, хоёр стандартыг боловсруулж хэрэгжлүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Улс орны хөгжлийг нуруун дээрээ тээж явдаг 16000 гаруй төмөр замчид та бүхэндээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин  жаргалтай сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөе” хэмээн УБТЗ-ын 2024 оны ололт амжилтыг дүгнэв.

Шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр шагнал авсан зарим төмөр замчдын сэтгэгдлийг сонслоо.

 

Өндөр настан Дашдоржийн Норхолмаа:

Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат. 1971 онд Төмөр замын техникум 1975 онд вагоны техникч мэргэжлээр төгссөн. Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депод техник үзлэгийн газар автотормозын үзэгчээр ажлын гарааг эхэлж байлаа. Хос дугуйн цехийн зааварлагч, мастер, Техникийн хэлтэст аж ахуйн тооцоологч үнэлэгч, сургалт хариуцсан инженер, механик тоног төхөөрөмжийн цехийн мастераар ажиллаж байгаад 2010 онд өндөр насныхаа тэтгэвэрт суусан. Гэр бүлийн хүн маань Зорчигчийн вагон депод техник үзлэгийн дарга, төмөр замд олон жил үр бүтээлтэй ажилласан. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан нь хөдөлмөр бүтээлийн үр дүн, төмөр замчдын нэр хүнд юм. Төмөр зам вагон депо гэж хэлэхээр миний овгоор дуудаж байгаа юм шиг сайхан сэтгэгдэл төрдөг. Хүн эхлээд эцгээрээ овоглож байсан бол ажил байгууллагаараа овоглож байгаа нь бахархмаар зүйл шүү. Хамт олондоо баярлалаа.

 

Сүхбаатарын Галхүү:

1995 онд анх Улаанбаатар техник үзлэгийн газар вагон үзэгчээр ажилд орж байсан. 31 дэх жилдээ ажиллаж байна. Ажлын хамт олон маань үнэлж “Төмөр замчны алдар” тэмдгээр шагнасанд баяртай байна. Удам дамжсан төмөр замчин, ажил мэргэжлээрээ бахархдаг.

 

С.Тамир:

Дохиолол холбооны I ангид тохируулгын механикч хийдэг. 18 дахь жилдээ ажиллаж байгаа. Өнөөдөр ажил хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж тэргүүний төмөр замчнаар шагнуулсандаа баяртай байна. Хамт олондоо баярлалаа.

 

Данзангийн Мөнхцэцэг:

Замын II ангийн Багануур 19 дүгээр хэсэгт контролын бригадын даргаар ажилладаг. 36 дахь жилдээ ажиллаж байна. 1989 онд Төмөр замын ТМС-д замчин мэргэжил эзэмшсэн. Замчин мэргэжлээр есөн жил ажилласан. Мастер, бригадын дарга, контролын дарга зэрэг ажлыг хийж ирсэн. Өнөөдөр төмөр замдаа хөдөлмөрөө үнэлүүлж “Төмөр замчны алдар” тэмдэг хүртэж байгаадаа баяртай байна. Миний хөдөлмөрийг үнэлсэн байгууллага, хамт олондоо баярлалаа. Гэр бүлийн хүн Г.Готовдорж  төмөр замчин, ахлах мастер хийж байгаад саяхан тэтгэвэртээ гарсан.  Хоёр хүүхэд маань төмөр замчин, хүүхдүүдээ удам залгуулж төмөр замчин болгосондоо баяртай байна. 

 

Даваагийн Хишигжаргал:

УБТЗ-ын Кейтеринг-Зочлох үйлчилгээний хэлтэст 30 жил ажиллаж байна. Олон жил ажилласан хөдөлмөр бүтээлийг үнэлж энэ сайхан одон медалиар шагнасанд баярлаж, ажлын хамт олон, бүх төмөр замчдадаа талархаж байгаа илэрхийлж байна. Кейтеринг-Зочлох үйлчилгээний хэлтсийн үйлдвэрийн цехийн ахлах тогоочоор ажилладаг. 1995 оны тавдугаар сарын 01-нд анх ажилд орж байсан. Сэтгэгдэл маш өндөр байна. Төмөр замчдадаа талархал илэрхийлье. Миний аав Т.Даваа нь УБТЗ-ын Худалдаа хангамжийн албанд барааны мэргэжилтнээр  35 жил ажиллаж гавьяандаа гарч байсан.  Төмөр замчны алдар медалиар шагнуулсандаа баяртай байна.

 

Мажигийн Хандмаа:

1985 оноос Замын-Үүдийн ачаа тээврийн агентаар ажилд орж байсан. 1990 оноос Зорчигч үйлчилгээний төв буудалд явуулын кассираар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Хүмүүсийн харилцаа их өөрчлөгдсөн. Үйлчилгээ ч сайжирсан. Одоо зорчигчийн нүдээр харахад миний ажиллаж эхэлсэн үеэс их өөрчлөлт орсон байна. Явуулын кассир, вагоны үйлчлэгч нар их залуужсан байна. Миний бие энэ шагналыг их хүлээсэн. 30 жил хүлээж байгаад авч байгаадаа сэтгэл их хөдөлж, хэлэх үг олдохгүй байна. Баярлалаа хамт олондоо.

 

У.Баттулга:

Улаанбаатар зүтгүүрийн депогийн машинч. Машинчийн курс төгсөж 2004 онд Улаанбаатар Зүтгүүрийн депод туслах машинчаар ажилд орж байсан. 2008 оноос машинчаар одоог хүртэл 21 дэх жилдээ ажиллаж байна. Мэргэжлээрээ бахархдаг, олон жил үр бүтээлтэй ажиллаж шагнал хүртсэндээ баяртай байна.

 

М.Дуламсүрэн:

Зорчигчийн вагон депод вагоны үйлчлэгчээр 20 дахь жилдээ ажиллаж байна. 2005 онд ТЗДС-ийн вагоны үйлчлэгчийн ангийг төгсөөд ажилд орсон. Анх Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд явж ажлын гараагаа эхэлж байлаа. Нэгдүгээр цуваанд Асралтболд даргын бригадад орж ажиллаж байсан. Үеэл ах замын мастер хийдэг  гэр бүлийн хүн Н.Ганбаатар Замын II ангид аравдугаар хэсэгт замчин хийдэг. Зангилааны аварга болсондоо маш баяртай байна. Ганчимэг даргатай 22 дугаар цуваа, Зорчигчийн вагон депогийн хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлье.