Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан УБТЗ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зохион байгуулсан “Төмөр замчин эмэгтэйчүүдийн II чуулга уулзалт”-ыг энэ сарын 7-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсныг бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Энэ үеэр уран гарт бүсгүйчүүдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, нээлттэй худалдаа зохион байгуулсны дотор хаягдал бүтээгдэхүүнийг дахин боловсруулдаг хоёр бүсгүйн бүтээлүүд хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байлаа. Тиймээс энэ удаагийн “Хобби” буландаа тэдэнтэй товчхон хөөрөлдсөнөө нийтэлж байна. Бүтээлч сэтгэлгээтэй, уран гарт бүсгүйчүүд маань Зорчигчийн вагон депод ажилладаг бөгөөд ажлын талбарт эзэмшсэн мэргэжлээрээ нөхөрлөж, ажлын бус цагаар хоббигоороо нэгдэн бие биенээ хурцалж яваа нь энэ юм.

 

Н.Чинбат: Нэмэлт орлого олох боломж хаа сайгүй бий

 

Зорчигчийн вагон депогийн амрах байрны жижүүр

 

-Би УБТЗ-д долоо дахь жилдээ ажиллаж байна. Хүмүүс хогийг хаягдал бус баялаг гэж хардаг болсон цагт байгаль орчинд ээлтэй нөхцөл бүрдэнэ. Ажлын байр, ашиг орлого олох боломж ч нэмэгдэнэ гэж би боддог. Жишээ нь, айл бүр ариун цэврийн цаас хэрэглэдэг. Хэрэглэсэн цаасныхаа гол дамрыг хог гээд л хаячихдаг. Би харин цуглуулсаар байгаад цэцгийн ваар хийдэг. Мөн уусан ундааныхаа саваар ваарныхаа суурийг хийнэ гэхчлэнгээр бэлэг дурсгалын зүйлс бүтээдэг. Энэ бол чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд хэрэгтэй төдийгүй үндсэн ажлынхаа зэрэгцээ нэмэлт орлого олох боломж юм. Модны хэлтэрхий байсан ч бүтээлдээ аваад ашиглаж болно. Бид хоёрын хувьд  ихэвчлэн цэцгийн ваар урладаг. Мөн шүр, сувдаар бүсгүйчүүдийн гоёл зүүсгэл хийдэг. Бидэнтэй хамт ажилладаг болон ойр дотны хүмүүс бүтээлийг маань сайн мэддэг. Баяр ёслолын үеэр захиалга өгдөг. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бидний үйл ажиллагааг олон хүнд хүргэх, сурталчлах ажилд дэмжлэг үзүүлсэн УБТЗ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлд талархал илэрхийлье.

 

Н.Туяа: Эко бүтээгдэхүүн хийж буйгаараа урамшдаг

 

Зорчигчийн вагон депогийн вагоны үйлчлэгч

 

-Манай ажлын хамт олны дунд гар урлал хийдэг бүсгүйчүүд олон бий. Тэд мэдээлэл авч амжаагүй юм болов уу. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд харьцангуй цөөн хүн бүтээлтэйгээ ирлээ. Бид хоёр цаашдаа лааны тосоор бүтээл хийх, саван үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Өөрсдөө дуртай юм болохоор амралт чөлөөт цаг л гарвал бүтээлээ хийхийг эрмэлздэг. Хатгамал, наамал, хаягдал цаасаар хийсэн сагс гээд л жилээс жилд урын сан маань арвижаад л байгаа. Шинээр бүтээл нэмж хийх тусам улам их урам зориг авдаг. Жишээ нь, бид хоёрын урласан цэцэг хэзээ ч гандахгүй, үхэхгүй мөнх настай учраас хүмүүс цонхны тавцан, ажлын өрөөгөө чимэглэх дуртай байдаг. Материал нь бэлэн байж байвал өдөртөө чамгүй олон нэр төрлийн бэлэг дурсгалын зүйлийг хийчихнэ шүү. Хамгийн гол нь бид хоёрын бүтээл бүр хүний биед хоргүй, байгаль орчинд ээлтэй гэдгээрээ онцлогтой.

 

Б.Дэлгэрхишиг