Сүүлийн жилүүдэд Монгол Улсад төмөр замын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, түүнд шаардлагатай боловсон хүчний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдсээр байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор УБТЗ ХНН-ийн Хүний нөөцийн албанаас санаачлан “Төмөр замын мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийг улс орон даяар дөрөвдүгээр сарын 09-26-ны хооронд зохион байгуулж байна. Төмөр замын тээврийн салбарт шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх зорилготой дээрх өдөрлөгийн хүрээнд Замын захиргаа, ТЗДС, ЗТБ-аас хамтарсан ажлын хэсэг энэ сарын 15-19-нд Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь аймагт ажиллалаа. Харин энэ долоо хоногт Говь-Алтай, Завхан, Увс, Ховдод, Дундговь, Өмнөговьд тус тус ажиллах юм байна. Энэ үеэр орон нутгийн дунд сургуулиудын төгсөх ангийн хүүхдүүдэд төмөр замын салбарын онцлог хийгээд энэ мэргэжлийг эзэмшсэнээр хувь хүнд олдох давуу тал боломжуудыг сурталчилж байгаа аж. Өдөрлөгт одоогоор нийт 46 сургуулийн 2000 гаруй сурагч оролцож, төмөр замын мэргэжлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваад байгаа юм.