“УБТЗ” ХНН-ийн даргын 2025 оны А/01, А/05 тоот тушаалын хэрэгжилтийн хүрээнд “Менежментэд суурилсан тогтвортой хөгжил” сэдэвт удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөн энэ сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү зөвлөгөөнд “УБТЗ” ХНН-ийн Урд хэсгийн Чойр, Сайншанд, Замын-үүд зангилаадын 10 салбар нэгжийн удирдах ажилтнууд, цөм багийн гишүүд болон холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн 70 орчим төлөөлөгч хуран чуулж, байгууллагын менежментийн тогтолцоог тасралтгүй сайжруулах, олон улсын ISO стандартуудын хэрэгжилтийг хэлэлцэв. Менежментийн нэгдсэн тогтолцоо, Хүний нөөцийн цахим программын үйл ажиллагааны зорилго, ач холбогдол, шаардлагын талаар сургалтыг Техникийн бодлого, стандартчиллын алба, Хүний нөөцийн албанаас зохион байгууллаа. Хүний нөөцийн менежмент, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлсэн сайн туршлагуудыг Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн чанар стандарт хариуцсан орлогч дарга У.Сүхбаатар, Чулуун заводын ерөнхий инженер С.Батборгил нар танилцуулж, харилцан туршлага солилцов. Энэхүү сургалт, зөвлөгөөнөөр дамжуулан байгууллагын удирдах ажилтнууд олон улсын стандартыг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг бодит жишээгээр ойлгож, чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны чиглэлээр хүлээх хариуцлага, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгож, “УБТЗ” ХНН-ийн хөгжлийн стратегийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хамтын оролцоо, манлайллыг бэхжүүлэхэд чухал алхам боллоо.
Зөвлөгөөний төгсгөлд оролцогчид гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн, “Менежментэд суурилсан тогтвортой хөгжил”-ийн зорилгоо бодит үйл ажиллагаа болгож хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.
