Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ ээлжит “Удирдах ажилтнуудын зөвлөгөөн”-өө энэ сарын 3-нд хийж, өнгөрсөн дөрвөн жилд хэрэгжүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, стандартыг хангах менежментийн тогтолцооны үр дүнг дүгнэн хэлэлцэв. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ЗТЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга бөгөөд УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга Б.Болор-Эрдэнэ, СХЗГ-ын дарга С.Батбаатар, УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн тэргүүтэй замын удирдлагууд, 70 гаруй салбар нэгжийн 350 орчим удирдах ажилтнууд оролцлоо.
Замын дарга Х.Хэрлэн зөвлөгөөнийг нээж, өнгөрсөн онд дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлж, олон шинэ дээд амжилт тогтооход бүх шатны удирдах ажилтны оролцоо чухал үүрэг гүйцэтгэснийг онцлоод “2025 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд нийгэмлэгийн хамгийн үнэт баялаг болох ажилтнуудынхаа мэдлэг, ур чадвар, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажилласнаар хүний нөөцийн тогтвор суурьшил сайжирч, ажлын бүтээмж дээшилсэн эерэг үр дүн гарлаа. Мөн хүний нөөцийн бодлогын баримт бичгийг шинэчлэн боловсруулж, 2025–2030 онд үе шаттайгаар хэрэгжүүлэх хүний нөөцийн стратеги чиглэлүүдийг тодорхойлон баталснаар ур чадвар, сэтгэл ханамжтай ажилтантай өндөр үр ашиг, бүтээмж бүхий, хариуцлагатай, өрсөлдөх чадвартай байгууллага болох зорилтод хүрэх суурь нөхцөл бүрдлээ.
УБТЗ үйл ажиллагаандаа чанарын удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, хүнсний болон мэдээллийн аюулгүй байдал, эрчим хүчний үр ашиг, боловсролын менежмент, хүний нөөцийн менежментийн тогтолцоог тус тус хэрэгжүүлэн ажиллаж, 2026 оныг “Байгууллагын хөгжил, бүтээмжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласан. Энэ бол зүгээр нэг уриа биш. Харин бидний өрсөлдөх чадвар, санхүүгийн тогтвортой байдал, хүний нөөцийн чадавх, технологийн шинэчлэлийг шат ахиулахад бодит үр дүнгээ өгсөн жил байх болно. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, сургалт хөгжлийн тогтолцоог боловсронгуй болгох, тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний ажлын процесс, бүтцийг оновчтой зохион байгуулах, ажилтны сэтгэл ханамжийг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх, шинэ санал, инновац ба тасралтгүй сайжруулалтыг дэмжихэд манай удирдах ажилтнуудын үүрэг оролцоо, манлайлал, оновчтой шийдвэр гаргалт чухал ач холбогдолтойг анхаарч ажиллах шаардлага тулгарч байна.
Төмөр замын салбар нь зөвхөн ачаа, зорчигч тээврийн хэрэгсэл биш. Энэ бол улсын эдийн засгийн гол судас, стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц юм. Бидний ажлын үр дүн улс орны экспорт, импорт, уул уурхай, аж үйлдвэрийн бүтээмжтэй шууд хамааралтай. 2026 ондоо гүйцэтгэлд суурилсан удирдлагын тогтолцоог бэхжүүлж, хариуцлагын тодорхой байдлыг сайжруулж, үр дүнд төвлөрсөн ажлын арга барилыг нэвтрүүлж ажиллах шаардлагатай байна. Удирдах ажилтнууд та бүхэн бол өөрчлөлтийн манлайлагчид. Өөрчлөлт дээд түвшнээс эхэлдэг. Манлайлал бол албан тушаал биш хариуцлага юм. Бид зөвхөн даалгавар өгдөг биш, үр дүн гаргадаг удирдлагын баг байх ёстой” гэв.
Мөн онцгойлон анхаарах бас нэг чиглэл нь цахим шилжилт болон процессын сайжруулалтыг тасралтгүй хийж давхардсан, илүү шат дамжлагыг цөөрүүлэн, цаасан суурьтай үйл ажиллагааг багасган бодит мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих явдал гэдгийг онцолсон юм.
Тохирлын үнэлгээ бол дарамт биш, зах зээлд нэвтрэх баталгаа
УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг “Юуны өмнө “Бүтээмжийг дэмжих стандартын үнэ цэнэ” гэдэг сэдэв бол цаг үеэ олсон, бодлогын өндөр ач холбогдолтойг онцолъё. Бид стандартын тухай ярихдаа ажил үйлчилгээний бүтээмж, итгэлцэл, засаглалын чанар, өрсөлдөх чадвар, чадавхыг боддог. Хүний нийгмийн хөгжлийг хөдөлмөрийн багаж хэрэгслээр хэмждэг гэх ч үндсэн үзүүлэлт нь үйлдвэрлэл, үйлчилгээний бүтээмж байдаг. Бүтээмж нь илүү их ажиллахыг бус харин илүү ухаалаг, системтэй, өндөр үр ашигтай ажиллах юм. Тэр ухаалаг системийг бий болгодог зүйл бол стандарт. Түүнийг үйл ажиллагаандаа хэвшил болгосон байгууллага, хамт олон осол аюулгүй, тогтвортой, өндөр бүтээмжтэй ажилладаг. Тиймээс, тасалдалгүй ажиллах үйл явц, тодорхой хэмжүүрт түшиглэсэн хяналт, удирдлага, болзошгүй эрсдэлийг тооцож, удирдах чадвар, хэн нэг хүнд бус тогтолцоонд түшиглэдэг зохион байгуулалт чухал. Эдгээр нь стандартыг хэвшүүлдэг хүчин зүйл. Үүнийг байгууллагын соёл болгосон хамт олны нэг бол УБТЗ. Энэхүү уламжлалаа хэрхэн төгөлдөржүүлэхэд энэ удаагийн зөвлөгөөн чиглэсэн байна.
Монгол Улсын Засгийн газар стандартчилал, хэмжил зүй, үндэсний болон бүс нутаг, олон улсын хэмжээний итгэмжлэлд чухал ач холбогдол өгч байгаа учир техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн тогтолцоог цогцоор нь шинэчлэх бодлогын арга хэмжээг тууштай хэрэгжүүлж байна. Энэ нь нэг салбарын дотоод өөрчлөлт биш. Харин үндэсний чанарын дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлэх чармайлт. Стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн уялдаа холбоог институтийн түвшинд бэхжүүлэх ажиллагаа юм. Мөн давхардсан, тойм төдий хяналтыг бууруулж, эрсдэлийн суурьтай нотолгоонд суурилсан зохицуулалтад шилжих, төр, хувийн хэвшлийн харилцааг ил тод, хэмжигдэх үзүүлэлт бүхий хяналт, хариуцлагатай болгох шинэчлэл гэж хэлж болно.
Бид стандартчиллыг цаасан дээрх бичиг бус, үндэсний болон бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадавхыг бүрдүүлэх бодлогын органик хэсэг гэж үзэх ёстой болж байна. Ингэхийн тулд экспортыг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын түншүүдийнхээ итгэлийг даах, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, ажил, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх баталгаажсан стандарт, хүлээн зөвшөөрөгдсөн тохирлын үнэлгээ, олон улсын түвшинд итгэмжлэгдсэн тогтолцоонд тулгуурладаг. Үүний зэрэгцээ бид засаглалын чанарыг ахиулах, удирдлагын тогтолцоог илүү хариуцлагатай болгоход онцгой анхаарах хэрэгтэй. Энэ хүрээнд жишээ нь MNS/ISO 37001:2024 — Авлигын эсрэг менежментийн тогтолцооны шинэчилсэн стандартыг нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Авлигатай тэмцэх нь цаг зуурын аян байх ёсгүй. Байгууллагын соёлыг бүрдүүлэх, ажиллагсдын мэдлэг, ойлголтыг төлөвшүүлэх байнгын үйл явц юм. Бүтээмжийн болон авлигатай тэмцэх стандарт салангид ойлголт биш. Ил тод, хариуцлагатай, хамт олны соёл тогтож хэвшсэн байгууллага өндөр бүтээмжтэй, сэтгэл хангалуун ажиллаж чадна. УБТЗ Монгол Улсын стратегийн чухал дэд бүтцийн хувьд бусдад осол аюулгүй, найдвартай ажиллагаа, хөдөлмөрийн болон цагийн сахилга бат, боловсон хүчний тогтвортой нөөц, үйл ажиллагааны чанар нь стандартын дагуу явагддаг, хэмжигдэх үзүүлэлт бүхий удирдлага, сайн засаглалын дуурайлал байх ёстой. Тохирлын үнэлгээ бол дарамт биш, зах зээлд нэвтрэх баталгаа тул удирдах ажилтны энэ зөвлөгөөн манай улсын ууган салбарын нэг төмөр замд чанарын шинэ шатны суурийг бэхжүүлэх, бүтээмжийг бодитоор өсгөх, засаглалын шинэ соёлыг нэвтрүүлэх хамтын хүчин чармайлтад том түлхэц үзүүлнэ гэж итгэж байна” хэмээн үг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлсэн үгэндээ УБТЗ ХНН-ийн соёл, ажлын туршлагыг бусад төмөр замуудад нэвтрүүлэх шаардлагатайг онцоллоо. Зөвлөгөөний үеэр УБТЗ-ын Техникийн бодлого, стандартчиллын алба, Хүний нөөцийн алба, Төлөвлөлт эдийн засгийн алба болон цахим платформ зохион нэвтрүүлдэг албадын удирдлагууд илтгэл тайлангаа танилцууллаа. Тухайлбал, Техникийн бодлого, стандартчиллын албаны дарга С.Мөнх-Алдар “Бид Монгол Улсын СХЗГ болон бусад мэргэжлийн байгууллагатай хамтран төлөвлөлт гаргаж, санамж бичиг байгуулан ажилласан. Дөрвөн жилийн ажлаа дүгнээд үзэхэд менежментийн суурь тогтолцоонууд буюу чанарын болон хөдөлмөрийн, эрүүл мэнд аюулгүй байдлын, байгаль орчны гэх тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа суурьшууллаа. Одоо төлөвшүүлж, хэрэгжүүлж байна. Цаашид илүү сайжруулаад явна” гэсэн юм.
Салбар нэгжийн удирдлагууд ч амжилтаа улам ахиулж, ажил үйлчилгээндээ чанар стандартыг хэрхэн бүрэн нэвтрүүлэхээ ярилцан туршлага солилцож, зөвлөгөөний зохион байгуулалтад сэтгэл хангалуун байв. Тухайлбал, Баянбуурал амралтын газрын дарга Д.Ганбат “Манай залуучууд уулзалт, зөвлөгөөнийг маш сайхан зохион байгуулдаг болжээ. Сургалт, илтгэлүүд нь ч богино, цэгцтэй, хэлж ойлгуулах гэснээ тодорхой хүргэсэн шинэлэг боллоо. Чанар, стандарт нэвтрүүлж буй байгууллага гэдэг нь зөвлөгөөн зохион байгуулалтаасаа л харагдаж байна” хэмээн сэтгэл өндөр байлаа.
Стандарт нэвтрүүлсэн байгууллагуудад гэрчилгээ гардууллаа
Удирдах ажилтны зөвлөгөөний үеэр зарим стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн салбар нэгжүүдэд олон улсын стандартын гэрчилгээ гардууллаа. Тодруулбал, Чулуун завод ISO 9001, 45001, 14001, Замын III, IV анги болон АБТЭМА, ЦХОБА тус бүр ISO 9001, 45001, Хүүхдийн сектор ISO 9001, 21001, Зорчигч тээврийн төв ISO 45001 гэсэн менежментийн нэгдсэн тогтолцооны стандартын гэрчилгээг авлаа.
Харин Стандарт хэмжил зүйн тэргүүний ажилтан тэмдгээр Хүний нөөцийн албаны дарга С.Цэвээндорж, Зорчигчийн вагон депогийн чанарын ахлах инженер Ш.Ганбат, Ачааны вагон засварын депогийн хос дугуйн засвар хариуцсан инженер А.Баттулга нарыг шагнав. Мөн СХЗГ-ын “Жуух бичиг”-ээр Кейтеринг-зочлох үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Бадамхорол, Дархан Татах хэсгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Ачааны вагон засварын депогийн ерөнхий инженер У.Сүхбаатар, ЭХУХ-ийн I ангийн дэд станцын ашиглалтын инженер Ц.Энхцогт, Мод боловсруулах үйлдвэрийн эдийн засагч Ж.Дөлбадрах нарыг шагнаж урамшууллаа.
М.Наранболд
