Улаанбаатар төмөр замчдын сонин гаргах тухай эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэр 1957 оны 12 дугаар сард гарч, тогтмол хэвлэл “Найрамдлын зам” сонин 1958 оноос хэвлэгдэж эхэлснээс хойш эдүгээ 65 жилийн ой тохиож байна.

 “Найрамдлын зам”, “Өдтэй бичиг”, “Ган зам” сонин болон “Ган зам пресс” төвийн үе үеийн удирдлага, сэтгүүлч, редакци, ажилчдад болон энэхүү сонины хуудсаар дамжуулан нийт төмөр замчдадаа Монгол Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын даргын зүгээс энэхүү ойн мэндчилгээ дэвшүүлж байна.

Танай сонины түүх бол Улаанбаатар төмөр замын хөгжил, ололт амжилт, үе үеийн төмөр замчдын ажил, амьдралын нэгэн жарны түүх, нийгмийн хөгжлийн тусгал билээ. Үүнийг “Найрамдлын зам” сонин, дараа нь “Өдтэй бичиг”, “Ган зам” сонины он дараалсан дугааруудын сурвалжлага, нийтлэл, ярилцлага, гэрэл зургийн хальснаа мөнхөлж үлдээсэн зураг хөрөг, нэг үгээр хэлбэл сонины маань “шарласан” хуудас үүнийг гэрчилнэ гэдэгт итгэлтэй байна. 

Улаанбаатар төмөр замын удирдлага сонин хэвлэлийн технологийг шинэчлэн орчин үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн түвшинд хүргэх олон талт арга хэмжээ авсан, сонины хамт олны хичээл зүтгэлээр “Ган зам” сонин, хэвлэлийн нийтлэлийн бодлого шинэчлэгдэн уншигчдын эрэлт хэрэгцээг ханган хөгжиж байгаад баяртай байна.

“Ган зам пресс” төвийн “Ган зам” сонин бол Монголын хэвлэл мэдээллийн түүхэнд бүтэн жарныг туулсан, тогтсон байр суурьтай, өөрийн тодорхой уншигчидтай, тогтмол цөөн хэвлэлүүдийн нэгэн гэдэгтэй хэн ч маргахгүй.

“Ган зам” сонин түүхэн жарныг туулан хөгжиж байгаа нь тус сонины үе үеийн удирдлага, сэтгүүлч, уран бүтээлчдийн авьяас билэг, хөдөлмөр зүтгэлийн үр дүн мөн.

Сэтгүүл зүйн орчин үеийн шаардлага, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ирээдүйн чиглэл, нийгмийн эрэлт, сонирхолд нийцүүлэн хэвлэл мэдээллийн бодлогоо шинэчлэн амжилт гаргана гэдэгт итгэж байна.

Үг чинь ончтой

Үзэг чинь хурц байх болтугай!

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                     Г.ЗАНДАНШАТАР