Тээврийн хяналтын албанаас төмөр замын “Төмөр замын тээврийн аюулгүй байдлын менежмент” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг энэ сарын 8-нд зохион байгуулах гэж буйтай холбогдуулан Тээврийн хяналтын албаны дарга М.Цогттой ярилцлаа.

 

-Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын хоёр дахь удаагийн зөвлөгөөнийг энэ жил зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөнөөр голчлон ямар асуудал хэлэлцэх вэ?

 

-Нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Тээврийн хяналтын албанаас  хоёр дахь жилдээ зөвлөгөөн зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн зөвлөгөөнөөр удирдах албан тушаалтнуудын манлайлал хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх үр дүн, шинжилгээ мөн сургалтын агуулгыг нэмж оруулснаараа онцлог болно. Сургалт-зөвлөгөөн маань гурван хэсгээс бүрдэнэ. Нэг дэх хэсэгт, ЗТХЯ болон бусад төмөр замуудыг оролцуулна. Энэ хүрээнд гурван илтгэл тавьж, хэлэлцүүлнэ. Ер нь, дэлхий дахинд төмөр зам болон тээврийн байгууллагуудад хөдөлгөөний аюулгүй байдлын менежментийг хэрхэн хэрэгжүүлж, дүгнэж, үр дүнгээ яаж харж байна гэдэг рүү чиглүүлнэ. Хоёр дахь хэсэгт, төмөр замчдадаа сургалт хэлбэрээр зохион байгуулж, санал солилцоно. Энэ хэсэгтээ байгууллагын соёлын талаар нэлээд ярилцана. Ер нь, зөвлөгөөнд албадын дарга нар, хөдөлгөөнтэй холбоотой аж ахуйн нэгжийн удирдлагууд, бүх байцаагч нар оролцох юм. Удирдах ажилтнууд маань манлайллыг хэрхэн үзүүлэх, бусдадаа үлгэрлэж  ажиллах, эрсдлээ хэрхэн оновчтой дүгнэх, алдаж буй зүйлүүд дээрээ яаж анхаарч ажиллах вэ? Ялангуяа, Замын хэмжээнд салбар нэгжийн дарга нар их залуужсан байна. Тиймээс шинэ үеийн залуусыг сургах, туршлагажуулах бодлогыг барина. Ер нь, удирдлага өөрөө манлайлж ажилласнаар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ямар нөлөө үзүүлж байна вэ гэдгийг дүгнэх юм. Гурав дахь хэсэгт, хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой дотоод асуудлуудаа ярилцана.

 

-Төмөр замын тээврийн тухай хууль удахгүй хэрэгжиж эхэлнэ. Шинэ хуульд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг үйлдэлд хариуцлага тооцох зүйл заалт нэлээд чангарсан юм шиг санагдсан. Тиймээс шинэ хууль, түүнийг дагаж гарч буй дүрэм, журмын талаар төмөр замчдад маш сайн танилцуулах хэрэгтэй гэж ойлгож байгаа?

 

-Тиймээ, хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулаад УБТЗ-д комисс гарч 19 дүрэм, журам, нормыг дүгнээд явж байсан. Хуулийн хэрэгжих хугацаа хойшилсонтой холбоотой энэ ажил хүлээлтийн байдалтай байна. Шаардлагатай зарим дүрэм, журмыг шинэчлэн батлуулахаар ажиллаж байгаа. Тухайлбал, төмөр замын зурвас газар, аюулгүйн бүсэд нэвтрэх, үйлдвэр үйлчилгээ явуулахтай холбоотой хоёр журмыг шинэчлэхээр бүх төмөр замуудаас бүрдсэн комисс ажиллаж байна. Хуучин техник ашиглалтын журам маань шинэ хуулийг дагаад техник ашиглалтын дүрэм болж байгаа. Мөн аюултай ачаа тээвэрлэх журам нь дүрэм болж өөрчлөгдсөн. Зорчигч болон ачаа тээвэрлэх журам ч дүрэм болно. Дүрэм болж буй нь үйлчлэх цар хүрээ өргөн, илүү нарийвчлалтай болсон гэж ойлгож болно. Түүнчлэн, гологдол, дутагдлыг ангилах журам өөрчлөгдөн Зөрчлийн хуулийг дагаж осол, зөрчил гэсэн ангилал орж ирэхээр байна. Хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой үл тохирол, хохирлыг Зөрчлийн хуулиар, Эрүүгийн хуулиар шийдвэрлэх юм билээ. Тиймээс дүрэм, журмын өөрчлөлттэй холбоотой ирэх онд нэлээд нарийвчилсан судалгаа гаргаж, УБТЗ-ын зүгээс яаманд саналаа өгч ажиллахаар төлөвлөсөн.

 

-Ер нь, цаашид галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах талд ямар бодлого баримтлан ажиллах вэ?

 

-Энэ жил 2023-2026 он хүртэлх хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр бодлогын бичиг баримт боловсруулж, Замын даргын тушаалаар батлуулсан. Үүний хэрэгжилт ямар байна, өмнөх зөвлөгөөнд ирсэн хүмүүсээс гаргасан санал шүүмжлэлийн хэрэгжилтийг энэ удаагийн зөвлөгөөнөөр дүгнэж хэлэлцэнэ. Энэ жил мөн Замын даргын А/02 тушаалын хавсралтаар батлагдсан Ажилтны сахилгын бодлогын тухай тогтож ярина. Өөрөөр хэлбэл, ажилтнуудынхаа ажилдаа хандах хандлага, соёлыг суулгаснаар хүний хүчин зүйлтэй холбоотой гологдол, дутагдал буурах бүрэн боломжтой. Мөн дунд шатны удирдах албан тушаалтнууд норматив хийхэд нэлээд хугацаа зарцуулж байна гэдэг. Тиймээс бүх хүн заавал компьютер дээр суух шаардлагагүй гар утаснаасаа аппликейшн ашиглаад хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр хийсэн үзлэг шалгалтынхаа акт баримтыг богино хугацаанд оруулах боломжийг бий болгосон. УБТЗ-д норматив хийдэг ажилтнуудад шинэ аппликейшнийг турших ажлыг хийж байна. Мөн энэ удаагийн зөвлөгөөнтэй холбогдуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн санал хүсэлтийг төмөр замчдаасаа авах тухай Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч Ш.Нямсүрэн даргын цахилгаан гарсан. Замын хэмжээнд гурван бүсэд Тээврийн хяналтын албаны орлогч дарга нар санал хүсэлтийг энэ сарын 7 хүртэл нэгтгэж аваад хэлэлцүүлнэ. Албадын байцаагч нарт ч өмнөх зөвлөгөөнөөс хойш өгсөн үүрэг даалгаврын чиглэлээр хийж буй ажлыг хангуулах үүрэг өсгөн.

            Ер нь, цаашид барьж ажиллах гурван хүчин зүйл байна. Нэгдүгээрт, хүний хүчин зүйлээс нөлөөлж буй дутагдлыг багасгахад шинэ залуу ажилтнуудыг сургаж дадлагажуулна. Хоёрдугаарт, УБТЗ-ын хөрөнгө оруулалтын хэлбэрийг цаашид тээврийн болон ажилчдын аюулгүй байдлыг харгалзан үзсэн бодлогоор удирдъя гэж байгаа юм. Гуравдугаарт, төмөр замчдын мөрддөг дүрэм, журам, зааврууд ойлгомжтой, хоорондоо зөрчилгүй, тэдгээрт тухайн хүмүүсийн хийх ажил нь ойлгомжтой байх ёстой. Ийм байвал залуучууд маань хувь хүнийхээ зүгээс ч ажил зохион байгуулах, сурч хөгжихөд хялбар болно. Тиймээс алба, аж ахуйн нэгжийн удирдлагууд эрсдэлд суурилсан менежмент гэдэг тал руугаа илүү явах нь аюулгүй байдлаа хангаж ажиллахад илүү амар юм.

 

М.Наранболд