Нүүр Боловсрол М.Цогт: Онц сайн сурч байгаа хүүхдүүд үнэгүй сурах боломжтой
Боловсрол

М.Цогт: Онц сайн сурч байгаа хүүхдүүд үнэгүй сурах боломжтой

G.Press 2 сарын өмнө 156 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

УБТЗ-ын Политехникийн коллежийн техникчийн мэргэжлийн төгсөлтийн ёслол өнгөрсөн Баасан гарагт “Ган зам палас”-т боллоо. Ёслолд Замын даргын Удирдлагын асуудал эрхэлсэн орлогч, Сургалтын байгууллагуудын Удирдах зөвлөлийн дарга М.Цогт болон албаны бусад хүмүүс оролцож төгсөгчдөд баяр хүргэж, мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэгийг гардуулж өглөө. Энэ үеэр М.Цогттой хийсэн товч тодруулгыг уншигчдадаа хүргэе ээ.

  

-Политехникийн коллежийн энэ удаагийн төгсөлтийн онцлог юу байна вэ?

 

-Өнөөдөр Политехникийн коллеж маань 19 дэх удаагийн төгсөлтөө хийж байна. Анх удаа өвлийн төгсөлт хийж байгаагаараа онцлогтой. Нийтдээ зургаан мэргэжлээр 166 төмөр замчин өөрийн хүсэл сонирхлоороо мэргэжлээ дээшлүүлж “Техникч хэмээх дипломыг гардаж авч байна. Ингэснээр цаашдаа Төмөр замын их сургуульдаа бакалавр, дараа нь магистраар суралцах бололцоо нээгдэж байна. Сүүлийн жилүүдэд УБТЗ-ын удирдлагын зүгээс төмөр замчдадаа өөрөө өөрсдийгөө хөгжүүлэх бололцоог нээж өгөх бодлого баримталж байгаа. Тухайлбал, Замын даргын шийдвэрийн дагуу онц сайн сурч байгаа хүүхдүүдийг үнэгүй сурах бололцоог хүртэл бүрдүүлж өгсөн. Политехникийн коллежэд гэхэд л энэ жил Говийн төмөр замчин хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр 43 хүн суралцаж, төгсөж байна. Энэ нь тухайн төгсөгч эргээд хамт олондоо өөрийн сурсан мэдсэнээ хуваалцах бололцоог бүрдүүлж байгаа юм.

УБТЗ өөрийн байгуулсан одоо сургуультай байгууллагын хувьд хамгийн том давуу тал нь зөвхөн ЕБС болон өөр сургууль төгссөн гэхгүйгээр ажлаа хийж байгаад төмөр замын сургуульдаа суралцаж, техникч, инженер болох бололцоотой юм. Ийм өргөн боломж зөвхөн төмөр замын салбарт ажиллаж байгаа залуучуудад  байгаа.

Цаашдаа Монгол Улсын хөгжил төмөр замын салбарын хөгжлөөс шууд шалтгаалж байгаа нь тодорхой. Манай төмөр замчид өөрийгөө хөгжүүлж, байнга сурч, мэдэх тэмүүлэлтэй байх ёстой.  

 

-Жилдээ төмөр замчдаас хэчнээн хүн өндөр насны тэтгэвэрт гарч байна вэ? Бусад шалтгаанаар хэчнээн хүн чөлөөлөгддөг вэ? Тэр орон зайг манай сургалтын байгууллагууд нөхөх чадамж хэр байдаг вэ?

 

-Өндөр насны тэтгэвэрт гарч байгаа, жирэмсний болон хүүхдээ асрах чөлөөтэй гэх мэт олон шалтгаанаар ажлын байранд өөрчлөлт гардаг. Сүүлийн жилүүдэд энэ хөдөлгөөн 20 орчим хувьтай байна. Үүний зэрэгцээ ажил, албан тушаал өөрчлөгдөж, дэвшиж байгаа хүмүүс ч байгаа. Зөвхөн ажлаас гарахаас илүү албан тушаалд дэвшиж байгаа нөхцөлд хоосон орон тоо нэлээд гардаг. Манай төмөр замын хоёр сургууль маань жилд 500-аад хүүхдийг төгсгөж байгаа боловч Монгол Улсын төмөр замын хүний нөөцийн хэрэгцээг бүрэн хангах бололцоогүй юм.

Иймд бид өнгөрсөн жилээс эхлээд чадамжийн сургалтуудыг нэлээн өргөн хүрээнд явуулж байна. Зөвхөн өнгөрсөн жилийн хугацаанд долоон мэргэжлээр 300-аад хүүхдийг чадамжийн гэрчилгээтэй төгсгөсөн. Замын даргын тушаалаар Хойд болон Урд бүсийн сургалтын төвийг байгуулж чадамжийн гэрчилгээтэй сургалтыг зохион байгуулдаг боллоо. Ингэснээр заавал Улаанбаатарт ирж суралцах бус тухайн бүсдээ суралцах бололцоо бүрдэж байна. Бид жилдээ 1000-2000 хүнийг чадамжийн гэрчилгээтэй сургаж, төгсгөх зорилт тавьж байна.

Зөвхөн УБТЗ-ын сургалтын байгууллагуудаас гадна өөр дөрвөн сургалтын байгууллагад төмөр замын мэргэжлээр политехникийн коллежийн болон чадамжийн сургалтаар мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Одоо энэ байгууллагуудын хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, сургалтын чанарыг сайжруулахад анхаарч ажиллах ёстой. Учир нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ дөрвөн жилийн хугацаанд нийтдээ гурван мянга орчим километр төмөр зам шинээр баригдах зорилт тавьсан. Манай УБТЗ-ын 1110 км-т хэдэн төмөр замчин ажиллаж байгаа билээ, гурван мянган км төмөр зам баригдвал хэчнээн төмөр замчин ирээдүйд хэрэгцээтэй байх нь ойлгомжтой шүү дээ.

 

Г.Энхбаатар 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.