УБТЗ ХНН-ийн 75 жилд
УБТЗ-ын дохиоллын тогтолцоо нь 1100 гаруй км замд байрлах өртөө, зөрлөгийг хамарсан шилэн кабель, радио сувагт суурилсан галт тэрэгний хөдөлгөөнийг өртөөнд, хоорондын замд зохицуулах диспетчерийн төвлөрүүлэлт (СИРДП-Е) систем юм. Галт тэрэгний хөдөлгөөний гүйцэтгэлийг буюу аяллын зурмагийг автоматаар хянана, хэрэгжүүлнэ.
Тойргийн диспетчер, холбооны механикч, жижүүрийн автоматжуулсан ажлын байр (ААБ) бүрдүүлсэн. Жижүүрийн ААБ-ны программ хангамж нь MultiRcos ба урсгал хугацааны явцад өртөөний объектыг дүрслэх, байдлыг харуулах зориулалттай, жижүүр хүн-машины харилцааг хялбар ашиглах боломжтой юм. Харин зөрлөгийн механикчийн ААБ программ хангамжийг зөөврийн компьютер ба төвөөс удирдах, хянаж байх техникийн шийдэлтэй.
Нийт өртөө, зөрлөгийн 10 гаруй нь Ebilock-950 төрлийн процессор суурьтай бүрэн электрон системтэй. Энэ нь өөрийн оношийн системтэй бол бусад нь ЦТ-Е ангилалд хамаарах системээр хийгдсэн, объектын контроллер (RUVIO) төхөөрөмжтэй ба оношлох чиг үүрэг мөн хамаарна. Хоорондын замд гол тоолох микропроцессор систем (ГТМС нь EBITrack-2000 /SOL-3/) ашиглана, релен хагас автомат хориглолтой.
Бүхээг дэх аюулгүйн тогтолцоо (БАТ) нь радио суваг дээр суурилсан цувран аялах галт тэрэгний хөдөлгөөнийг аюулгүй завсартай удирдах зүтгүүрийн системийн төхөөрөмж ба галт тэрэгний бүрэн бүтэн байгааг хянан, сүүлчийн вагоноос ирэх мэдээллийг боловсруулна. Удирдах самбарт нь машинчийн дэлгэц хамрах ба галт тэрэг бүрэн байгааг хянах системийн бүхээг дэх тал бүрдэл юм. Энэ дэлгэц нь хүн, машины харилцааг бүрдүүлж, өгөгдлийг, ажиллагааны одоогийн горим, бодит болон зөвшөөрөгдөх хурдыг хянаж харуулна. Дэлгэцэд БАТ-ноос болон диспетчерээс ирэх мессежийг үзүүлнэ. Харин нөгөө талыг сүүлчийн вагонд байрлуулж холбосноор иж бүрдэнэ.
Замын алба төмөр замын нийт урт, аясыг компьютерт шилжүүлж байгаа ажээ. Холбооны сүлжээ нь өгөгдлийг модуль STM4 ба 16 ашиглана. Синхрон горимоор шилэн кабелиар дамжуулж, нэвтрүүлэх чадлыг өргөтгөх боломжтой. Нийт трасс дагуу үндсэн болон нөөц шилэн кабель тус тус цагирган сүлжээ үүсгэж, тасралтгүй ажиллагааг автоматаар шилжин хангаж, гурав дахь нөөц тойруу холбоотой юм.
Дамжуулах систем, үйлчилгээ оношилгооны, өгөгдлийн, хөдөлгөөний диспетчерийн, технологийн болон дотоод холбооны, зарлан мэдээлэх, СКАДА, камерын хяналт, ТЕТРА, галын дохиоллын гэх системээс бүрдэх нь илүү бүрэн гэж үзвэл одоогийн түвшингээс юуг хэрхэн боловсронгуй болгох талаар бодох юм байх ёстой болов уу. Мөн дамжуулах системийн найдвартай байдлыг хангахаар свич, рутер нь хос. Эдгээр нь автоматаар шилждэг, мэдээлэл урсгалын үйлдлийг хаягийн тогтолцоогоор удирдан зохицуулдаг, гурван шатлал бүхий хэт хүчдэл, аянгын хамгаалалттай, СКАДА системтэй нэгдэж дохиолол, холбооны тэжээлийн хяналтыг тасралтгүй гүйцэтгэдэг шийдэл бусад замд ашиглаж байгаа нь анзаарагдах байх.
УБТЗ-ын мэдээлэл, удирдлагын систем үндсэн салбарт тээвэрлэлтийн явцын, ачаат камер, зорчигчийн, зүтгүүр, вагон, цахилгаан, зам, дохиолол холбооны, төлөвлөлтийн тогтолцоо байна.
Дэд салбарт, статистик, материал техник \үндсэн хөрөнгө\, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн үйл ажиллагаа, боловсон хүчин, шинжлэх ухаан техникийн мэдээлэл, их барилгын, үйлдвэрийн аж ахуй удирдлага байна. Ийм байж төмөр замын тээврийн үр дүн цогц дээшилнэ. 75 жилийн дараа ахмад инженер ийнхүү ерөнхий бүдүүн тоймоор одоог төсөөлж байгаа ба 1960-аад оны эхээр хоорондын зам түлхүүрт очироор, өртөөнд механик төвлөрүүлэлтээр хөдөлгөөнийг удирдаж байсныг санаж байна.
Харин өртөө, хоорондын замын процессор суурьтай бүрэн электрон систем, дамжуулахын, өгөгдлийн, радиогийн, онош, хяналтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн нь инженер техникийн ажилтнуудаас стандарт (MNS 50128:2016, 50129:2016, EN 50126-2:2017) шаардлагад нийцүүлэх, хэрэгжүүлэх асуудал гарах юм.
Процессор суурьтай бүрэн электрон систем галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн баталгаатай хангадаг ба нэвтрүүлж байгаа системийн бүрэн аюулгүй байдлын баталгааг хэрхэн гаргуулж нийлүүлэгчээс хүлээн авдаг вэ гэх асуудал одоо гарсан гэж харж байна. Мэдээлэл, удирдлагын системийг цаашид ямар түвшинд хүргэж сайжруулан ажиллах вэ гэх асуудал ч тодорхой зорилтоор илрэх биз ээ
Яруу алдарт төмөр замчдадаа их ойн мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхэн нь дэлгэрч байхын ерөөлийг өргөе!
Ахмад инженер Д.Бадарч