Замын даргын үзлэгийн үеэр анхаарал татсан залуу бол Лхагвасүрэнгийн Отгонпүрэв. Түүнд дүрэмт хувцас нь ялангуяа хөдөлгөөнчдийн улаан малгай нь тун зохиж, дэгжин харагдаж байлаа. Түүнтэй цөөн хором ярилцахад ажил мэргэжилдээ дуртай, цаашид суралцаж, өсөн дэвжих өөдрөг итгэлээр жигүүрлэж явааг сонсоход сайхан байв. Л.Отгонпүрэв удам дамжсан төмөр замчин. Түүний өвөө эмээ, аав бүгд төмөр замчид. Аав Ц.Лхагвасүрэн нь Зүүнхараагийн Мод боловсруулах үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Төрсөн ах Л.Пүрэвням нь Зүүнхараагийн өртөөнд галт тэрэгний найруулагчаар ажилладаг. Төмөр замын мэргэжлийг үе дамжин эзэмшээд явж байгаагаараа бахархдаг, ажилдаа дуртай нэгэн. Л.Отгонпүрэв, “Залуу хүмүүст суралцах боломж үргэлж нээлттэй байдаг нь таалагддаг. Би төмөр замын Политехникийн коллежид ашиглалтын техникчээр мэргэжлээ дээшлүүлсэн. Үргэлжлүүлээд энэ намраас ашиглалтын инженер мэргэжлээр сурах төлөвлөгөөтэй байгаа. Цаашлаад ОХУ-д сурах хүсэлтэй. Би хойд хэсэглэлдээ ганц эрэгтэй жижүүр нь” хэмээн өгүүлж байлаа.
Залуу төмөр замчиндаа амжилт хүсье.
П.Түмэндэмбэрэл
