Нүүр Ярилцлага Л.Отгон:Гурван үеэрээ төмөр замд ажиллаж байгаа минь миний бахархал
Ярилцлага

Л.Отгон:Гурван үеэрээ төмөр замд ажиллаж байгаа минь миний бахархал

G.Press 18 цагийн өмнө 359 үзэлт 0 сэтгэгдэл

“Бурхан хүнийг бүтээж, бусдыг нь барилгачид бүтээсэн” гэдэг үг бий. Үнэхээр л барилгачдын гараар хот тосгод сүндэрлэн босож, соёл иргэншил, хөгжил цэцэглэлт хаяа тэлсээр байдаг билээ.

Жил бүрийн есдүгээр сарын эхээр барилгачдын өдөр тохиодог. Энэ жил Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна.   

УБТЗ ХНН-ийн барилгын салбарт өдгөө 900 орчим нь хүн төмөр замчдын аятай тухтай ажиллаж, амьдрах бүхий л нөхцөлийг бүрдүүлэн хөдөлмөрлөж байдаг юм.

Тэднээс энэ удаад БЗАҮ-ний II ангийн мастер Л.Отгоныг урьж ярилцлаа.

-Та аль нутгийн хүн билээ. Бага нас, аав, ээжийнхээ тухай сайхан дурсамжуудаасаа хуваалцна уу?

-Би Зүүнхараад төрж өссөн. Миний аав Лувсанжамц, ээж Намжил нар Зүүнхараагийн уугуул хүмүүс. Аав минь УБТЗ-ын Зүүнхараагийн Мод боловсруулах үйлдвэрт насаараа ажилласан. Харин ээж минь 10 хүүхэд төрүүлсэн ч хоёр нь эндэж, нэг охин, долоон хүү өсгөж өндийлгөсөн. Ээжид минь олон хүүхдийн хажуугаар улсад ажил хөдөлмөр эрхлэх зав гараагүй байх.

Бид сургуульд явахдаа үдээс өмнө, үдээс хойш гэж хоёр хуваагдаж явна. Өглөө хичээлд явсан нь гэртээ ирэхэд үдээс хойш хичээлд явах нь хувцасыг нь сольж өмсөөд, цүнхийг нь үүрээд гардаг байлаа. Манайд 70 кг-ийн шуудай гурил долоо л хонодог байсан гээд бод л доо. Ээж минь том торхоор дүүрэн боорцог хайрч, мантуу хийнэ. Бид гарч тоглохдоо халаасандаа боорцог чихэж аваад гарна. Найз нартаа өгөх гэж тэр шүү дээ. Ээжийнхээ хайрсан боорцогийг хавийн хүүхдүүдтэй хувааж идэхээр яаж тэсэх вэ дээ. Аав минь ганцаараа ажил хийдэг болохоор олон хүүхэд өсгөх амар байгаагүй нь лавтай.

Би уг нь зургадугаар анги төгсөтлөө онц сурсан. Түүнээс хойш тоглох нь ихдээд хичээл хийх нь багасаад сурлагын амжилт буурсан хэрэг. Наймдугаар анги төгсөөд есдүгээр ангидаа орох сонирхол байсангүй. Олон хүүхэд өсгөж байгаа аав, ээжийгээ өрөвддөг байсан. Тэгээд ерөөсөө ажил хийж аав, ээждээ нэмэр болъё гэж бодсон хэрэг.

-16 настай ажлын талбарт гарахад ямар байв?

-Наймдугаар анги төгсөхдөө Дарханы Политехникумийн хуваарь авсан ч сургуульдаа явалгүй Зүүнхараагийн БОС-ны I ангид туслах ажилчнаар орлоо. Тэр үед 16 настай хүүхдийг ажилд авчихдаг л байж. Тэгж анх төмөр замын ажилчин боллоо. Гэхдээ жил ажиллаад шантраад ажлаасаа гарсан. Удалгүй 18 нас хүрч цэргийн албанд мордлоо. Гурван жилийн алба хааж, 1987 онд халагдаж ирээд БОС-ны I ангийн клубт кино механикчаар ажилд орсон.

-Кино механикч гэхээр шугам замаар явж кино гаргах хэрэг үү?

-Үгүй. Зүүнхараа зангилааныхаа улаан буланд орой бүр кино гаргана. Манайх хоёр кино механикчтай байсан. Сонирхолтой киног бол өдөрт хоёр удаа гаргана. Намайг кино механикчаар ажиллаж байх үед “Мандухай цэцэн хатан”, “Хонгилдон” зэрэг кино гарах бүрд нь үзэгчид пиг дүүрдэг байлаа. “Мандухай цэцэн хатан” киноны дөрвөн ангийг хоёр механикч хоёр аппаратаар таслалгүй дөрвөн цаг гаруй гаргана. Халуун бөгчим, дуу чимээ ихтэй орчинд тийм амар ажил биш. Тэр үед өөр үзэж харах зүйл байх биш дээ, үзэгч ихтэй. Киноны зарлалаа гараараа дармалдаж бичээд гаднаа наана. Кино механикчаар хоёр жил гаруй ажиллаад  сантехникийн хэсэгт орж, уурын зуухны галчаар ажиллах болсон. Дараа нь уурын зуухны слесарь, сантехникийн слесарь зэрэг ажлыг хийж байгаад 2000 онд Улаанбаатар хот руу шилжиж ирсэн. Би дунд сургуулийн нэгдүгээр ангиасаа хамт сурсан ангийн охинтойгоо гэр бүл болсон хүн. Намайг Зүүнхараад ажиллаж байхад гэргий маань хотод оюутан, дараа нь сургуулиа төгсөөд хотод багшилж байсан. Том хүү маань гарчихсан, Зүүнхараад хүүгээ цэцэрлэг өгчихөөд би ажлаа хийнэ. Манай хүн байнга Зүүнхараа хот хоёрын хооронд явах хэцүү. Тэгээд наашаа шилжиж ирсэн. Би хотод ирээд БОС-ны II ангийн Мужаан цехэд жил гаруй ажиллаад Сантехникийн цехэд орон тоо гарч, Төв эмнэлгийн ЦТП-д слесариар ажилласан. Тэр хоорондоо ТИС-ийн сантехникийн угсралт инженерийн ангид оройгоор суралцаж төгссөн. Үндсэндээ уурын зуухны галчаас сантехникийн слесарь, ахлах слесарь, мастер, сантехникийн инженер, 2012 онд ангийн ерөнхий инженер, орлогч даргын ажлыг хавсарч гурван жил гаруй ажилласан. Тэгээд өөрийн саналаар Толгойтын гурван ЦТП хариуцсан мастераар 2016 онд ирсэн.

-Тан шиг даргын ажлаас саналаараа татгалздаг хүн байдаг юм уу?

-Би ерөөсөө конторт сууж ажиллах хүн биш юм билээ. Байнга хөдөлгөөнтэй, ажлыг өөрөө гардаж хийж байсан болохоор нэг л дасахгүй байсан. Толгойтод ирээд удаагүй байтал Замын даргын үзлэгээр Л.Халтар дарга ирээд “Чи энд яахаараа ирчихдэг юм” гэж асууж байсан. Тэгснээ тухайн үед ангийн даргаар ирээд удаагүй байсан Мөнхбат даргаас хэд хэдэн удаа намайг яагаад энд байгааг лавлаж асуусан гэдэг. Л.Халтар шинэ дарга ирээд л намайг тушаал бууруулж гэж ойлгосон бололтой /инээв/. 2016 онд энд ирээд 10 жил болж байна.

-Таны хариуцдаг гурван ЦТП үзлэг бүрээр “Онц” дүн авдаг. Замын хэмжээнд үлгэр жишээ тохижилттой гэдэг шүү дээ. Таныг анх ирэхэд ямар байсан бэ?  

-Энэ ЦТП-нүүдийг оросууд 1989-1993 оны хооронд бүтээн босголтоор хийсэн юм билээ. 2016 онд ирэхэд манай ЦТП-үүд гадуураа хашаагүй задгай, байшингууд нь нэг ч цонхгүй байсан. Ус дулаан дамжуулах төв нь тусгай объект гээд барилга нь тийм байсан байх. Байнга л гэрэл асаалттай, шал нь цементээрээ тухгүй орчин угтсан. Энд ирээд гурван ЦТП-гээ юуны түрүүнд хашаажуулсан. Хашаагүй болохоор энэ хавиар хүмүүс жим гартал цувж, төмөр зам дээгүүр явдаг байв. Энэ байдал нь ГТХАБ-д ч эрсдэлтэй байсан. Дараа нь байшинд цонх гаргасан гэх зэргээр тохижилтын ажлыг ЦТП-3 дээр хийж эхэлсэн. Эргэн тойронд нь мод тарьсан. Гэхдээ би ганцаараа хийсэн юм биш. Би санаачилгыг гаргаад ажилчид маань энэ бүгдийг хийсэн хэрэг шүү дээ. Манай нэг ажилчны аав надтай уулзахаар ирэхдээ хаалгаар орж ирмэгцээ байшин андуурчихлаа гээд буцаж гараад гаднаас нь харж харж орж ирсэн удаатай.  Тэгээд “Танайхыг орж ирээд таньсангүй. Гаднаас нь харахаар мөн байна” гэж байсан. Үндсэндээ бид байшин дотор байшин барьсан.

Энэ ЦТП-нүүдэд ашиглаж байсан хуучин хурдны бойлуур технологи нь хоцрогдоод ялтсан бойлуураар солигдоход маш том орон зай суларсан. Тиймээс ашиглалтгүй, ажиллагаагүй болсон төмрүүдийг бүгдийг салгаж авч зай талбай гаргасан.

ЦТП өндөр таазтай тул давхар гаргаж, сургалтын танхим байгуулсан.

Дараа нь ЦТП-1 дээр 3х3 сагсан бөмбөгийн талбай, теннисний ширээтэй жижиг спорт заал байгуулсан.

ЦТП-2-ийн суларсан талбайг засаж тохижуулаад өрөө гаргасан. Замын даргын үзлэгээр дарга нар түрээслүүлж нэмэлт орлого ол гэх чиглэл өгч байсан боловч тохирох түрээслэгч олддоггүй. Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч Ш.Нямсүрэн даргын санал болгосноор Толгойт ТҮГ-ын нэг хэсгийг тэнд оруулсан. Тэр өрөөг манай ангийнхан хоёр давхар болгож тохижуулснаар Толгойт ТҮГ-ын хэсэг тохилог байр савтай болсон. Тэндээс манай байгууллагад тодорхой орлого орж байгаа. Эдгээр ЦТП-г ингэж тохижуулахад бид маш бага зардал гаргасан. Байгууллагын даргад өргөдөл бичиж дан хуучин хаягдал төмөр трубаг зах зээлийн үнээр борлуулж, санхүүжилт босгоод түүгээрээ энэ гурван ЦТП-г тохижуулсан. Аль болох хямд зардлаар хийсэн. Замын захиргаанаас ч бидний ажлыг ойлгож дэмжсэн. УБТЗ надад бүх шагналаа өгсөн дөө.

Үзлэгээр Замын орлогч Ц.Хүрэлбаатар дарга ирэхдээ шууд л “За Отгоо шинээр юу хийв” гэж л асуудаг байсан. Ажлын байр тохитой байх сайхан шүү дээ. Би ажилчиддаа ажлын байр та нарын хоёр дахь гэр шүү гэдэг юм. Ер нь, хүн өдөрт сэрүүн байгаа цаг хугацааны дийлэнхийг ажил дээрээ өнгөрүүлдэг шүү дээ.

Замын даргын үзлэг гэснээс манайхны зарим нь үзлэг ирэхийг дөхүүлээд л баахан будаг шохой хийгээд л, хог шороогоо цэвэрлээд л байдаг. Манайх бол өдөр бүр л үзлэг ирэх гэж байгаа мэт цэвэрлэдэг. Тийм болохоор үзлэг бүрээр “Онц” үнэлгээ авдаг (Ханандаа өлгөсөн гэрчилгээнүүдийг заав).

-Та үзлэг бүрээр дулааны шугамын их засвар, шинэ шугам татах төслөө уйгагүй танилцуулдаг байсан. Тэр ажил бүтсэн үү?

-Би төлөвлөсөн ажлаа хийж дуусахаас нааш санаа амардаггүй сонин сэтгэл зүйтэй хүн юм билээ. Орой орондоо орчихоод хүртэл хийж амжаагүй ажлуудаа бодохоор нойр хулжчихдаг. Манай ЦТП-3 руу явж байгаа шугам 30 жил ашиглагдаад, актлагдах хугацаа аль эрт болчихсон. Энэ шугамыг бид олон өвөл “маллах” гэж толгойгоо гашилгасан. Энэ 30 жилийн настай дулааны шугамын 2.5 км нь ил байдаг. Гадна дулаалга нь шүүрэн шанага шиг болчихсон. Өвөлд хүйтэн усыг нь хөлдөөчихөлгүй өвөлжинө гэдэг амаргүй. Энд ирээд бүх шугамаа сольсон. Ганц энэ шугам л үлдээд байсныг олон жил уйгагүй хөөцөлдөж байгаад 2022 онд урдаас маш ойрхон газраас шинэ шугам татчихсан. Үүнийгээ ашиглалтад оруулж чадахгүй дөрвөн жил болсон. Харин энэ жил цахилгаан станцтайгаа яриад бүх техникийн нөхцөл зөвшөөрлөө аваад энэ өвөл шинэ шугамаараа дулаанаа өгөхөөр боллоо. Ямартай ч төлөвлөсөн том ажлаа дуусгасан шүү.

-Их л олон жил та дулааны шугамын шинэчлэл ярьсныг тань мэдэх юм. Яг хэдэн жил болж байж ажил хэрэг болов доо?

-Би энд 2016 онд ирсэн. 2017 оноос эхлээд албаны Лхагвасүрэн инженер бид хоёр бүтэн жил хөөцөлдөж байгаад ЦПТ-2-ын дулааны шугамыг актлуулаад шугамыг нь шинэчлээд цэргийн хотхны шугамтай холбосон. ЦТП-3-ын 2.5 км ил шугамыг шинэчлэх гэж 2018 оноос хойш хөөцөлдсөн. Тэр урт шугамыг бүгдийг шинэчилбэл маш их хөрөнгө шаардагдана. Жил бүр урсгал засвараар хэсэгчилж сольж, дулаалгыг нь хэсэгчилж сайжруулаад явж байсан. Гэхдээ сүүлийн дөрвөн жил эрчимтэй хөөцөлдөж, шинэ шугам ойроос татаж чадсан. Ер нь, жил бүр урсгал засвар гэж зардал гаргаж, муудсан шугамын дулаан алдагдлаас болж их мөнгө төлж байхаар нэг удаа хөрөнгө оруулалт хийгээд шинэчилчихвэл 10 жил толгой өвдөхгүй, урсгал засварын зардал ч гарахгүй шүү дээ. Сүүлийн үеийн тоног төхөөрөмж гадаа дулаан байвал насосоо амраачихна. Зарцуулалт бага гардаг. Дулаанд төлөх мөнгө ч буурна. Дулааны шугам муу байх тусмаа урсгал зардал ихтэй. Тиймээс л шугамын шинэчлэлийг олон жил уйгагүй хөөцөлдсөн. Энд ирээд 10 жил болохдоо барилга байшингийн засвар тохижилтоос гадна бүх шугам сүлжээ, тоног төхөөрөмжөө бүрэн шинэчилж чадсан.

Өвлийг өнтэй давъя гэвэл зуны улиралд өвлийн бэлтгэлээ маш сайн хангах ёстой.

-Ингэхэд та нэг үзлэгээр актлагдсан чингэлгийг тохижуулснаа үзүүлж байсан санагдана?

-Ангийн удирдлагууд санал тавиад би томилолтоор шугам замд ажилладаг ажилтнуудад зориулж гурван чингэлэг тохижуулсан. ИТА-чдын ажлын байр, ажилчдын хувцас солих өрөө, ажилчдын 00, душийн зориулалтаар тохижуулсан. Үзлэгийн хоёр комиссынхон бүгд үзэж их үнэлсэн шүү. Дараа нь би Аршаантад хоёр чингэлгээр “Г” хэлбэрийн айлын сууц тохижуулсан.  Түүнийг Замын удирдлагууд очиж тууз хайчилж нээж байлаа.

-Та ШБАЗ-ын уралдаанд хэр оролцож байв?

-Ганц нэг оролцож байсан. Зүүнхараад уурын зуухны слесарь байхдаа уурын зуухны насосны дуу чимээг бараг 60 хувь бууруулах ШБАЗ санаачилж хийсэн. Тэр үеийн насосны дуу чимээг одоогийнхтой харьцуулах аргагүй их дуу чимээтэй байсан. Доод суурь насос хоёрын завсар резинэн хавчуурга хийж, дууг нь багасгасан. Бас уурын зууханд бороожуулагч хийж, үнс авахад босдог тоосжилтыг нь бууруулж, ангийн ШБАЗ-ын уралдаанд түрүүлж байсан шүү.   

-Таны энэ хөдөлмөрч чанар эцэг эхээс өвлөгдсөн байхдаа?

-Миний аав олон хүүхдээ тэжээхийн тулд юм юм хийдэг хүн байлаа. Тэр хавийнхаа хүн хүч цөөтэй айлын модыг биднийг дагуулж очоод тав гурван цаасаар хөрөөдөж өгнө. Айлуудын идэш, цагаан сарын боов хийж өгнө. Бууз, баншных нь гурилыг зуурна. Ер нь, их ажилсаг хүн байсан. Ойр хавийн айлууд бүгд л ааваар идшээ хийлгэнэ, цагаан сарын боов хийлгэнэ гэж дууддаг байлаа. Миний аав Мод боловсруулах үйлдвэрийн Автобаазад хүйтэн гагнуурчин, камерчин хийж байгаад тэтгэвэртээ гарсан.

-УБТЗ-д 40 жил ажиллаад гавьяандаа гарахын өмнө юу бодогддог юм байна?

-Ах нь УБТЗ-д 40 жил ажиллаад өнгөрсөн дөрөвдүгээр сард тэтгэврээ тогтоолгосон. Тэтгэвэрт гарахад 2-3 жил дутуу байхад хийе гэж төлөвлөсөн ажлуудаа бүгдийг нь хийж дуусгаад тэтгэвэртээ хурдхан гарах юмсан гэж бодож байсан. Яг тэтгэвэрт гарах болоход сэтгэл энд уяатай байдаг юм байна. Тэтгэврээ тогтоолгоход ангийн дарга нар та үргэлжлүүлээд ажиллаж байгаач гэхэд нь үнэндээ баярласан.

УБТЗ цаашид тээврийн үйл ажиллагаагаа голлоод нийгмийн чиглэлийн зарим байгууллагуудаа  орон нутагт нь шилжүүлж байна. Цаг үеэ дагаад тэр нь ч зөв байх. Шугам замын уурын зуух, ЦТП-нүүд ер нь орон нутагт шилжээд дуусаж байна. Төвийн хэсгийг энэ өвөлдөө арай амжихгүй юм шиг байна. Хэзээ шилжүүлэх юм, тэр болтол ажиллаад байж байя гэж бодож байна. Анх энд ирэхэд би хориод ажилчинтай байлаа. Тавдугаар сард халаалт зогсоход машинистууддаа мэдэгдэл өгөөд явуулсан. Одоо хоёр слесарь нэг гагнуурчин үлдсэн. Олон жил хамтарч ажилласан, бүтээн байгуулалт хамт хийсэн хүмүүсээ явуулахад хэцүү байлаа. Хамт ажиллаж байсан хүмүүсээ саяхан Баянбуурал амралтад очиж үдэж өглөө.

-Та хоёр дахь үеийн төмөр замчин. Охиноо гурав дахь үеийн төмөр замчин болгосон гэсэн байхаа?

-Миний охин Анхмаа Отгонтэнгэр их сургуулийг хятад хэлний орчуулагч багшаар төгсөөд хувиараа ажиллаж байхад нь би л “Миний охин төмөр замд ажилд орчих” гэж ятгаж байгаад энэ ЦТП-д машинистаар ажилд оруулсан. Охин маань ажиллаж байх хугацаандаа ШУТИС-ийг усан хангамж, татуургын инженерээр төгссөн. Одоо борлуулалтын байцаагчаар ажиллаж байгаа. Би удам дамжсан төмөр замчин. Миний хань бас төмөр замчны охин. Тиймээс гэр бүлээсээ гурав дахь үеийн төмөр замчин төрүүлэх хүсэл надад байсан /инээв/.

Хүү минь Японд автын чиглэлээр сургууль төгссөн. Одоо хувиараа юм хийдэг. Охин маань бас ах шигээ хувиараа юм хийнэ гэдэг байсан ч төмөр замчин болгосон. Охин маань мэргэжилдээ сонирхолтой, одоо зургаа дахь жилдээ төмөр замд ажиллаж байна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

 

Б.Гүнжинлхам 

 

 

 

  

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.