Зуны өглөөний нарнаар хязгааргүй үргэлжлэх төмөр замын хос ган зам алсад нийлэн одох мэт харагдана. Энэ замаар өдөр бүр олон зуун зорчигч, мянга мянган тонн ачаа зорьсон газраа хүрдэг. Харин энэ бүхний ард чимээгүй хөдөлмөрлөж яваа хүмүүсийн нэг нь Л.Нямлхагва юм. Төмөр зам түүний амьдралын салшгүй хэсэг. Аав Ш.Лувсанзэвгэ, ээж Б.Жавзандулам нар нь олон жил замчнаар ажилласан хүмүүс. Тиймээс төмөр замын дуу чимээ, галт тэрэгний дохио, замчдын хөдөлмөр түүний хүүхэд насны хамгийн ойрын дурсамж болж үлджээ. Аав, ээжээс өвлөж авсан энэ мэргэжлээрээ олон жил ажиллаж, улс орны хөгжил, аюулгүй тээврийн төлөө хүчин зүтгэж яваадаа бахархдаг. Тэрбээр 1991 онд, 19 настайдаа төмөр замын салбарт хөл тавьжээ. Тэр үеийн төмөр замын дэрнүүд бүгд модон байсан. Замын арчилгаа өнөөдрийнхөөс хавьгүй их, хөдөлмөр ч илүү хүнд байв. Өнгөрсөн он жилүүдэд төмөр зам өөрчлөгдөж, шинэчлэгдсэн. Модон дэрийг бетон дэр орлож, техник технологи хөгжсөн ч замчны ажлын гол үнэ цэн өөрчлөгдсөнгүй. Хариуцлага, нягт нямбай байдал, аюулгүй байдлыг эрхэмлэх зарчим хэвээрээ үлджээ.
Анхны ажлын өдөр нь түүнд өнөөдөр ч тодхон. Ахмад замчид ажлын арга барил зааж, залуу хүү замын дагуу гүйж, хөдөлмөрийн амтыг мэдэрч эхэлжээ. Анх Шатан зөрлөгийн I хэсэгт замчнаар ажлын гараагаа эхэлсэн. Тэр цагаас хойш энэ л хамт олонтойгоо ажиллаж, замчны I зэргээс эхлэн өдгөө IV зэрэгтэй замчин болжээ. Түүний ажилладаг хэсэг нийт 21 км урт замыг хариуцан ажилладаг бөгөөд Шатан зөрлөгөөс цааш 90 дүгээр километрийн орчимд зам арчилж, хамгаалах үүргээ гүйцэтгэдэг байна. Өдөр бүрийн ажил нь өглөө 07:45 цагт эхэлнэ. Ажилдаа ирж бүртгэлээ хийсний дараа зааварчилгаа авч, хариуцсан замын хэсэг рүүгээ гардаг. Замчны ажил замын өргөн, тэгш байдал, суулт, тэлэлт зэрэг бүх үзүүлэлтийг тогтмол шалгаж, шаардлагатай засвар үйлчилгээг цаг алдалгүй хийдэг хариуцлагатай ажил юм. “Замын зарим эд анги бутарч муудна, нөгөө хэсэг нь нимгэрнэ. Тэр бүхнийг тухай бүрт нь сольж, засварлаж байж галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангадаг” гэж Л.Нямлхагва тайлбарлаж байлаа.
Замчны ажил дөрвөн улиралд тасралтгүй үргэлжилнэ. Өвлийн хүйтэн, зуны халуун, бороо цаснаас үл хамааран зам дээр ажиллана. Харин жилийн хамгийн ачаалалтай үе нь таваас аравдугаар сар хүртэл үргэлжилдэг их, дунд, урсгал засварын улирал байдаг. Энэ бүхнийг Л.Нямлхагва зөвхөн ажил бус, амьдралынхаа нэг хэсэг гэж үзнэ. Олон жил ажиллах хугацаандаа мэргэжлээ дээшлүүлэх боломж байсан ч тэрбээр замчны ажлаа орхиогүй.
“Замчнаараа ажиллаж байгаадаа бахархдаг” хэмээн тун даруухан өгүүлнэ. Энэ бахархал зөвхөн өөрөөр нь дуусахгүй. Түүний гэр бүл ч төмөр замтай холбогдсон хувь заяатай. Эхнэр Х.Дунгармаа мөн замчнаар ажилладаг. Тэдний гурван хүүхэд нийслэлийн 73 дугаар сургуульд суралцдаг. Хүүхдүүд нь УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа Сурагчдын дотуур байранд амьдардаг тул ажлын өдрүүдэд сургуульдаа явж, амралтын өдрөөр гэртээ ирцгээнэ. “Хүүхдүүд маань найдвартай орчинд сурч хүмүүжиж байгаа болохоор бид хоёр санаа зовох зүйлгүйгээр ажлаа хийдэг” хэмээн бахархан өгүүлж байсан. Түүний дунд хүүхэд нь ээж, аавынхаа мэргэжлийг ихэд сонирхдог бөгөөд ирээдүйд УБТЗ-д ажиллах хүсэлтэй гэсэн.
Л.Нямлхагва эхээс наймуулаа. Ах дүүсээс нь УБТ3-д ажилласан хүмүүс олон бий. Том ах Л.Төмөрсүх бригадын даргаар ажиллаж байсан. Ах Л.Ганбаатар нь төмөр замд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Бага дүү Л.Отгонбаатар нь одоо ч замчнаар ажиллаж буй.
Нямлхагвын 36 жилийн хөдөлмөрийг нь үнэлж төмөр замын салбарын нэр хүндтэй шагнал “Онц хөдөлгөөнчин”, “Тэргүүний төмөр замчин” тэмдгээр шагнажээ. “Энэ шагналууд олон жилийн хөдөлмөр, үр бүтээлтэй ажлыг минь үнэлсэн том урам” хэмээн тэрээр даруухнаар өгүүлж байв.Төмөр замчдын гэр бүлд төрж өссөн Л.Нямлхагва өнөөдөр ч төмөр замаа даган алхаж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын төлөө үнэнчээр хөдөлмөрлөсөөр яваа нь түүний бахархал, амьдралын зам мөр юм.
П.Түмэндэмбэрэл
