Нүүр Боловсрол Л.Мөнхгэрэл: Хүүхдээс үргэлж сайхан эрч энерги цацардаг
Боловсрол

Л.Мөнхгэрэл: Хүүхдээс үргэлж сайхан эрч энерги цацардаг

G.Press 11 сарын өмнө 101 үзэлт 0 сэтгэгдэл

 

УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа Сурагчдын дотуур байрны багш Л.Мөнхгэрэлтэй уулзаж ярилцлаа.

 

-Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулна уу?

 

-Намайг Лувсанжалбуугийн Мөнхгэрэл гэдэг. 1995 онд УБИС-ийг сурган, сэтгэл судлалын багш мэргэжлээр төгссөн. Унаган төмөр замын хүүхэд, төрсөн цагаасаа өнөөдрийг хүртэл төмөр замын цэцэрлэг, сургуульд суралцаж, төмөр замдаа ажиллаж, амьдраад явж байгаа жирийн нэгэн багш. Миний ажлын гараа УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа Эрдэнэт25 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээс эхэлсэн. Тэнд есөн жил ажиллаад Сурагчдын дотуур байранд шилжиж 2008 оноос одоог хүртэл багшаар ажиллаж байна. Миний аав С.Лувсанжалбуу 16 наснаасаа төмөр замд ажилд орж, УБТЗ-ын Дархан Татах хэсгийн Сүхбаатар депод машинч, зааварлагч машинч, Зам засварын машинт станцад машинчаар олон жил ажиллаад гавьяандаа гарч байв. Ээжийг минь Л.Сумъяа гэдэг, багш хүн байсан. Миний хань Ц.Батдорж  аялал жуулчлалын салбарт ажилладаг. Манайх гурван хүүтэй. Олон сайхан ачтай өнөр өтгөн ам бүлтэй болсон.

 

-Ажлын гараагаа удирдах ажилтнаас эхэлжээ. Тэр хэмжээгээр хариуцлага өндөр байна. Төмөр замчдын хүүхдүүдийн нас бие сэтгэхүйн онцлог, хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн боловсрол, нийгмийн суурь үйлчилгээг чанартай хүргэхэд хэрхэн анхаарч ажиллаж байсан бэ?   

 

-“Эрдэнэт” 25 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 1999 оны наймдугаар сарын 25-нд томилогдож очиж ажилласан. Эрдэнэтийн төмөр замын вокзалын хажууд байрлалтай цэцэрлэг. Миний хуучин хамт олон эвсэг,  буйдхан газар учир ажил, гэр ойрхон зэргээс бие биеийнхээ ахуй амьдралыг илүү ойр мэддэг. Эрдэнэтийн төвөөс 11 км зайтай. Төмөр замчдын болон тэндэхийн харьяа айлуудын хүүхдүүдийг хамруулдаг. Гурван бүлэг 70 хүүхэдтэй, 11 ажилтантай цомхон мөртлөө чадварлаг, сэтгэл, зүтгэлтэй хамт олон байсан. Би цэцэрлэгийнхээ хамт олонд хайртай.  Одоо ч нэг эд эс нь мэт санагдаж, зүрх сэтгэл минь үргэлж уяатай, тэд нарынхаа сайн сайхан, бахархам амжилтыг сонсож баярлаж явдаг. Одоо ажиллаж байгаа О.Оюунтуяа эрхлэгч болон багш, ажилтнуудаараа бахархдаг. Бид хүүхдийн далд авьяасыг хөгжүүлэхэд эцэг эхчүүдийнхээ оролцоотойгоор ажиллаж, улсын болоод аймаг, Хүүхдийн секторын хэмжээнд зохиогддог уралдаан тэмцээнд амжилттай оролцож ирсэн. Мөн багш нарын ур чадварын тэмцээнд сайн оролцдог байлаа. Хүүхдийн секторын дарга Л.Янжмаа манай цэцэрлэгийн багшаар ажиллаж байхдаа ур чадварын тэмцээнд нэгдүгээр байрт шалгарч байсан. Манай цэцэрлэг чадварлаг багш нартай байсан, одоо ч удирдах түвшний ажил хийгээд явцгааж байна.  Тэд нарынхаа хүчинд бид ч амжилт их гаргадаг байлаа.

 

-Эцэг эхчүүд үр хүүхдээ сургуульд явуулах чин хүсэл эрмэлзэлтэй учраас дотуур байрыг сонгодог. Хүүхдүүд долоо хоногийн таван өдөр дотуур байрандаа амьдардаг тул багш нар эцэг эхийн үүргийг давхар хүлээдэг. Хүүхдийн секторын дотуур байрны багшийн онцлог юу вэ?   

 

-Би УБТЗ-ын харьяа Хүүхдийн секторын харьяа Сурагчдын дотуур байранд 17 дахь жилдээ багшаар ажиллаж байна. Манай дотуур байранд энэ хичээлийн жилд 137 хүүхэд хүмүүжиж байна. Долоо хоногийн таван өдрийг энд өнгөрүүлдэг болохоор хүүхдүүдээ эцэг эхээс нь илүүтэй мэднэ. Би бага насны хүүхдүүдийг ихэвчлэн хариуцаж ажилладаг. Гурван ч удаа нэгдүгээр ангийн хүүхдүүдийг хүмүүжүүлэх үүргийг хүлээж байсан. Одоо 3-6 дугаар ангийн хөвгүүдийн бүлгийн  багшаар ажиллаж байна.  Өмнө нь дотуур байрны хүүхдүүдийг ах дүүсээр нь тасаг өрөөнд хуваарилдаг байсныг өөрчилж, бага, дунд, ахлах гэх зэргээр бүлгээр хуваарилдаг болсноос хойш бага ангийн эрэгтэй хүүхдүүдийг хариуцаж ажиллаж байгаа. 3-6 дугаар ангийн хөвгүүд ид хөдөлгөөнтэй, зүггүйтэх насан дээрээ яваа ч багшийнхаа үгэнд сайн ордог, дуулгавартай байдаг нас. Арга эвийг нь олоод харилцахад хариуцлагатай байж чаддаг. Миний хувьд гурван хүү, ач нар маань хөвгүүд тул охидоос жаахан хөндий талдаа болохоор хөвгүүдэд их хайртай. Тэд ид хөдөлгөөнтэй насан дээрээ яваа ч аливаа юманд хариуцлагатай, бас халамжлуулах их дуртай байдаг юм.

 

-Шинэ үеийнхнийг хүмүүжүүлэх арга барил их өөрчлөгдсөн болов уу?

 

-Одоогийн хүүхдүүд аргадуулах, гуйлгах, эсвэл найз шиг нь харилцахад дуртай энхрийдүү болчихсон. Бие махбодын хувьд ч гэсэн хэврэг, бүдрэхэд л гар хөл нь гэмтэж бэртчих гээд байдаг. Гэхдээ орчин үеийн эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал сайн хандуулдаг болсон. Хүүхдийн суралцах нөхцөл байдал дээшилж, бие бялдраа хөгжүүлэх орчин нь сайжирч, өөрийнхөө хүмүүжилд дүгнэлт хийж, үнэлж цэгнэж чаддаг болсон байна. Тухайлбал, гар утас, интернэт хэрэглэдэггүй дунд, ахлах ангийн хүүхэд байхгүй болсон. Тиймээс цахим орчинд илүү татагддаг. Үүнийгээ дагаад аль болох амар, хялбар аргаар мэдээллээ интернэтээс хайж олж, номоос биш цахимаас олох боломж нь нээлттэй болчихсон болохоор сурах арга барил тэс өөр болсон. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас  зах зээлийн чөлөөт эдийн засаг руу шилжих үеийн хүүхдүүдийн хүмүүжил суларсан. Учир нь эцэг эхийн анхаарал халамж тааруу, эдийн засгийн хямралаас шалтгаалж хүн бүр ганзагын наймаанд явж хүүхдүүдээ хараа хяналтгүй орхисноос сурлага хүмүүжил нь доголдсон. Намайг анх дотуур байрны багшаар ажиллахад хүмүүжлийн сөрөг үр дагаврууд ажиглагддаг байлаа. 

 

-Дотуур байрны хүүхдүүд их авьяаслаг, урлаг спортоор амжилт гаргах нь олонтаа байдаг. Эцэг эхээсээ хол амьдардаг болохоор эрт биеэ дааж, мөн амьдрах орчны нөхцөл байдал сайн байдгаас шалтгаалдаг болов уу?

 

-Манай байрны хүүхдүүд сургуулийнхаа урлаг спортыг авч явдаг. Яагаад гэвэл дотуур байр өөрийн спорт заалтай. Сургалтын болон чөлөөт цагаа өнгөрөөх  танхимтай болохоор хүүхдүүд маань урлаг, спортоор хөгжих  боломж нь илүү нээлттэй. 73 дугаар сургуулийнхаа урлаг, спортын манлайлагч нар нь байдаг. Манай хүүхдүүд сурч боловсрох таатай нөхцөлтэй, гэрийн даалгавраа хийхэд багш нар нь тусална, дээд ангийн ах эгч нар нь мэдэхгүй чадахгүй зүйлийг заагаад өгчихдөг учраас сурлагаар ч сайн байдаг.

 

-Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг нээлттэй хаалганы өдөрлөгөөр ирсэн эцэг эхчүүд сэтгэл хангалуун байсан. Их засвар хийж, хүүхдүүдийн амьдрах орчин улам сайжирсанд талархаж байсан?

 

-УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа “Сурагчдын дотуур байр”-ыг 2022-2024 онд хөгжүүлэх цогц хөтөлбөр”-ийг боловсруулсан. Хөтөлбөрийн хүрээнд Замын санхүүжилтээр их засвар хийсэн. Хүүхдийн ор хөнжил, цагаан хэрэглэл, хөшгийг хүртэл шинэчилсэн. Замын даргын тушаалаар хоолны зардал нэмэгдэж, бүх хүүхэд өдрийн 6500 төгрөгөөр хооллож байна. УБТЗ-ын удирдлагууддаа хүүхдүүд, эцэг эхчүүдийнхээ өмнөөс  баярлалаа гэж хэлье.

 

-Багшийн хөдөлмөр ажил хүнд. Гэвч таны ажил,  амьдрал хүүхдийн дунд бужигнаж өнгөрлөө. Хүүхэдгүй орчинд ажиллана гэдгийг төсөөлөх аргагүй байх?

 

-Хүүхдээс үргэлж сайхан эрч энерги цацардаг тул багш хүн хүүхэд шиг оргилуун дэврүүн зантай болчихсон. Хүүхэд үнэхээр хөөрхөн, хайр татам, багш  нар  тэдэнтэйгээ дундаа орчихсон яг хүүхэд шиг гомдохдоо гомдоод л, баярлахдаа баярлаад л явж байдаг юм шүү дээ. Найз шиг нь хандана. Ээж нь эгч шиг нь учирлана. За бага ангийнханд эмээ шиг хандаж хайрлана. Хүүхэдтэй ажиллана гэдэг бахархмаар, урам зориг, эрч хүч авдаг. Гэртээ байхдаа хүртэл дотуур байрныхаа хүүхдүүдээ боддог болчихдог. Ер нь өөрийнхөө хүүхдээс илүү л дотуур байрныхаа хүүхдүүдэд анхаарал халамж тавьдаг шүү.  Багачууд гүйж ирээд тэвэрч аваад эрхэлнэ, томчууд нь найз нь юм шиг ээж аавдаа яриагүй  дотно зүйлээ ярина. Муу хүүхэд, муухай хүүхэд гэж байдаггүй. Тэднийг биеийн хэлэмж нүүрний хувирлаар нь ойлгочихно.  Багш аа та яаж мэдсэн бэ гээд гайхаж тэгээд л дотноор ярилцдаг.

 

-Багшийн мэргэжлийг та өөрөө сонгосон уу?

 

-Би хүүхэд байхдаа их хувирамтгай байсан. Багадаа цэцэрлэгийн багш болъё гэж боддог байлаа. Би цэцэрлэгт яваагүй эмээ дээрээ өссөн. Найзынхаа дүүг цэцэрлэгээс авахаар хааяа очиход цэцэрлэгээс гоё үнэр үнэртдэг байсан болохоор  тэгэж татагдсан хэрэг. Сургуульд орлоо, багшийн мэргэжил бас л сайхан санагдаж байсан ч эмч, сэтгүүлч, орчуулагч болно гэхчилэн олон хувирсан. Миний бодол бүхэн биеллээ олдог. Бага насанд минь сэтгэлд хоногшсон цэцэрлэгийн үнэр, хүүхэд байхдаа дотуур байрны гадуур явах болгондоо дотор нь орж үзэх юмсан гэж их хүсдэг байсан бодол минь биелсэн юм болов уу даа.

 

-Танд ажлын амжилт хүсье.

 

 

П.Түмэндэмбэрэл

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.