Нүүр Говийн төмөр замчид Л.Энхзул: Өөрчлөлт заавал том зүйлээс эхлэх албагүй
Говийн төмөр замчид

Л.Энхзул: Өөрчлөлт заавал том зүйлээс эхлэх албагүй

G.Press 19 цагийн өмнө 18 үзэлт 0 сэтгэгдэл

УБТЗ ХНН-ийн Удирдлагын асуудал эрхэлсэн орлогч дарга М.Цогт болон Техникийн бодлого, стандартчиллын албаны дарга С.Мөнх-Алдар нарын санаачилга, удирдлагаар Замын-Үүд зангилаанд зохион байгуулсан “Зөвлөн туслах арга хэмжээ”-ний талаар Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн I цехийн дарга Л.Энхзултай ярилцлаа.

-Энэ удаагийн зөвлөн туслах арга хэмжээний талаар та ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Миний хувьд энэ арга хэмжээний онцлог нь зөвхөн мэдээлэл, зөвлөгөө сонсоод өнгөрөх бус, өөрийн ажилтай холбож бодох боломж олгосон явдал байлаа. Ялангуяа, байгууллагын жилийн зорилт, А/01 тоот тушаалын хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлыг өдөр тутмын ажилтайгаа хэрхэн уялдуулах вэ гэдэг дээр илүү тодорхой ойлголт авсан. Ажлын явцад бидэнд тулгардаг асуудлыг өөр өнцгөөс харах, “энэ ажлыг яаж илүү зөв, хурдан, үр дүнтэй хийх вэ?” гэж өөрөөсөө асуух боломж олгосон гэж бодож байна.

-Та “Өөрийн ажилтай холбож бодох боломж олгосон” гэж хэллээ. Энэ нь яг юугаараа онцлог байв?

-Бид өдөр тутмын ажлынхаа хүрээнд олон зүйл хийдэг. Заримдаа хийж байгаа ажлаа байгууллагын нийт зорилттой ямар холбоотойг тэр бүр анзаардаггүй үе байдаг. Энэ удаагийн арга хэмжээний үеэр өөрийн хийж байгаа ажил байгууллагын зорилгод ямар хувь нэмэр оруулж байна вэ, мөн өөрийн ажлын үр дүнг юугаар сайжруулж болох вэ гэдгээ эргэцүүлж үзсэн. Ялангуяа, арга хэмжээний туршид ашигласан оролцооны дөрвөн төрлийн карт энэ тал дээр их хэрэгтэй байсан. Өөрийн бодлоо бичиж тэмдэглэхээр зүгээр сонсоод өнгөрөхөөс илүү өөртөө дүгнэлт хийдэг юм байна.

-Тэдгээр оролцооны картуудын талаар мэдээлэл өгнө үү. Танд аль нь хамгийн өгөөжтэй санагдсан бэ?

-“Миний хүлээлт”, “Миний бодол”, “Миний үнэлгээ”, “Миний хийх бодит өөрчлөлт” гэсэн дөрвөн карт ашигласан. “Миний хийх бодит өөрчлөлт” карт хамгийн их зүйл бодогдуулсан. Яагаад гэвэл хүн аливаа зүйл сонсоод “сайхан юм байна” гэж бодоод өнгөрч болно. Харин “Би үүнийг ажлын байран дээрээ яаж хэрэгжүүлэх вэ?” гэж өөрөөсөө асуухаар арай өөр болдог юм байна. Тухайн ажлыг сайжруулахын тулд заавал том өөрчлөлт хийх шаардлагагүй. Өдөр тутам хийдэг ажлынхаа нэг үйлдлийг зөв зохион байгуулах, мэдээлэл солилцоог сайжруулах, давхардсан ажлыг багасгах, цаг хугацааг зөв ашиглах зэрэг жижиг зүйлээс ч сайжруулалт эхэлж болно.

-Карт бөглөхдөө та өөрийн ажлын байран дахь ямар асуудал, сайжруулах боломжийг анзаарав?

-Миний хувьд ажлын уялдаа холбоо, мэдээлэл солилцоо чухал санагдсан. Ачих, буулгах ажиллагаа бол олон ажилтан, олон нэгжийн уялдаа холбоотой явагддаг. Тиймээс мэдээлэл цаг тухайдаа зөв дамжих, үүрэг хариуцлага тодорхой байх нь ажлын үр дүнд шууд нөлөөлдөг. Мөн хийж байгаа ажлаа өмнөх хэвшлээр нь үргэлжлүүлэхээс илүү “Үүнийг арай хялбар, хурдан, алдаа багатай хийх арга байна уу?” гэж байнга бодож байх хэрэгтэй юм байна гэж ойлгосон.

-Та байгууллагын хөгжлийг ажилтны түвшинд юу гэж ойлгож байна вэ?

-Миний бодлоор байгууллагын хөгжил гэдэг нь зөвхөн томоохон төсөл, техник технологийн шинэчлэлээр хэмжигдэхгүй. Ажилтан бүр өөрийн ажлыг өмнөхөөсөө арай илүү чанартай, зөв зохион байгуулалттай, хариуцлагатай хийх нь байгууллагын хөгжилд оруулж байгаа хувь нэмэр гэж харж байна. Нэг хүн ажлаа сайжруулна, дараагийн хүн мөн адил өөрийн ажлаа сайжруулна. Ингээд олон хүний жижиг сайжруулалт нийлээд байгууллагын хэмжээнд том үр дүн гарна.

-Аюулгүй ажиллагааны чиглэлээр ямар санаа авсан бэ?

-Аюулгүй ажиллагааг зөвхөн дүрэм, заавар мөрдөх асуудал гэж харахаас илүү өөрийн хариуцлага, өдөр тутмын зөв дадалтай холбож ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Ялангуяа, бидний ажилд хүний хүчин зүйл их чухал. Өөрийн хийж байгаа үйлдэл дараагийн хүний ажилд, цаашлаад нийт ажиллагааны аюулгүй байдалд нөлөөлж болно. Тиймээс ажлаа яарч сандралгүй, заавар журмын дагуу, хариуцлагатай хийх нь байгууллагын хөгжлийн нэг хэсэг гэж ойлгож байгаа.

-Энэ арга хэмжээний дараа ажлын байран дээрээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зүйл байна уу?

-Байгаа. Юуны өмнө ажлын зохион байгуулалт, мэдээлэл солилцоондоо илүү анхаарч, хийж буй ажлынхаа үр дүнг эргэж харахыг зорьж байна. Мөн хамт ажиллаж байгаа хүмүүсийн санал, санаачилгыг сонсож, нэг асуудлыг зөвхөн өөрийн өнцгөөс бус хамт олноороо ярилцаж шийдэхэд анхаарна. Ер нь, энэ арга хэмжээний гол санаа нь өөрчлөлтийг хэн нэгэн хийхийг хүлээх биш, өөрийн хийж байгаа ажлаас сайжруулалтыг эхлүүлэх юм байна гэж ойлгосон.

-Тэгвэл таны хувьд энэ арга хэмжээг нэг өгүүлбэрээр дүгнэвэл?

-“Сонссон зүйлээ ажлын байрандаа хэрэгжүүлж байж үр дүн болно” гэж хэлнэ. Зөвлөн туслах арга хэмжээний үеэр өгсөн мэдээлэл, зөвлөгөө тухайн үедээ хэрэгтэй байсан. Харин хамгийн чухал нь тэндээс авсан санаагаа ажлын байрандаа хэрэгжүүлж, ямар үр дүн гарсныг өөрөө харж мэдрэх явдал гэж бодож байна.

-Энэ арга хэмжээг зохион байгуулсан баг, хамт олонд хандаж хэлэх зүйл байна уу?

-Юуны өмнө Замын-Үүд зангилааг сонгон авч, энэхүү зөвлөн туслах арга хэмжээг манай зангилаанд зохион байгуулсанд талархаж буйгаа илэрхийлье. Бидний өдөр тутмын ажлын онцлог, ажлын байрны нөхцөлд тулгамдаж байгаа асуудлыг ойлгож, зөвхөн мэдээлэл өгөхөөс гадна өөрийн ажлаа эргэн харах, санал бодлоо илэрхийлэх, цаашид юуг сайжруулах вэ гэдгээ тодорхойлох боломж олгосон нь бидний хувьд үнэ цэнтэй байлаа. Мөн ажилтнуудын санал, санаачилгыг сонсож, бидэнтэй нээлттэй харилцан ярилцаж ажилласан зохион байгуулагч, зөвлөн туслах багийнханд баярлалаа. Бидний хувьд энэ арга хэмжээ энд хүрээд дуусах биш, эндээс авсан санаа, зөвлөгөөгөө ажлын байрандаа хэрэгжүүлж, ажлын үр дүнгээрээ харуулах нь хамгийн чухал гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа, та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсье!

 

Ө.Сайнзаяа

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.