Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш албан ёсны бүртгэлтэй, зохицуулалтын шаардлага хангасан биржийн тоо 12 болж буурчээ.

Биржүүд тусгай зөвшөөрлийн хураамжийн төлбөрт 300 сая төгрөг тус тус байршуулж, нийт 3.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Монголд анх 60 гаруй койн, токен гарч, 20 орчим бирж үйл ажиллагаа явуулж байв. Мөнгө угаах эрсдэлийг бууруулах, татвар төлөхөөс зайлсхийх үйлдлийг таслан зогсоох нь хуулийн зорилго байсан.

“Fidelitas Partners” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал Б.Наранцэцэг энэ талаар “Виртуал хөрөнгийн тухай хууль хатуу зохицуулалттай болсон. Энэ зах зээлд бүтээгдэхүүнээс хамаарсан салбарын зохицуулалтыг нөхөж хэрэглэх нь оновчтой гэсэн байр суурь гарч байгаа. “ИХ-7” бүлгийн уулзалтаар ч крипто зах зээлийн талаар олон улсад жишиг болохуйц зохицуулалт шаардлагатай байгааг хөндсөн. Шинэ тутам хөгжиж буй салбарын эрх зүйн орчин олон улсын анхаарлын төвд байна” гэв.