Хойд Солонгосын удирдагч Ким Жон-Ун уржигдар ОХУ-ын Владивосток хотын боомтод тансаг зэрэглэлийн, хуягласан, хувийн галт тэргээрээ очив. Тэрбээр 1180 км замыг 20 цагийн турш туулан алс замын уламжлалт хөсгөөрөө Орост хүрч очсон нь энэ юм. Учир нь, уг галт тэрэг хамгаалалтын хүнд хуягтайн тул цагт 50 км хурдалдаг ажээ. Харин галт тэрэг дотроо удирдагч франц хоол, дарс хүртдэг гэнэ. Энэ галт тэргийг Хойд Солонгосыг байгуулсан Ким Ил Сүн буюу Ким Жон Уны өвөө хөлөглөдөг байв. Тэрээр хуягт галт тэргээрээ Вьетнам болоод Европын орнуудад зорчиж байжээ. Харин Ким Жон Уны аав Ким Жон Ил 1994-2011 оны хооронд улсаа удирдахдаа онгоцонд нисэхээс айдгийн улмаас зөвхөн тус галт тэргээр зорчдог байв. Тэрээр 2001 онд Владимир Путинтэй уулзахаар Москва хот руу 10 өдрийн турш тус галт тэргээр зорчиж байсан ба 2011 онд мөнөөх галт тэрэгт явж байхдаа зүрхний шигдээсээр нас нөгчжээ. Оросын цэргийн коммандлагч Константин Пуликовский 2001 онд хийсэн Ким Жон Илийн айлчлалын тухай “Orient Express” сонинд дурсан ярихдаа “Галт тэргэн дотор франц, хятад, япон, орос, солонгос хоолноос хүссэнээ захиалах боломжтой” хэмээн ярьжээ. Мөн тансаг зэрэглэлийн ил галт тэргээр зорчин явахдаа тус улсын удирдагч Парисаас авчруулсан “Бордо”, “Бургунди”-ийн улаан дарс хүртэж, шинэхэн амьд хавч зооглодог аж. Иймд К.Пуликовский “В.Путины хувийн галт тэрэг Ким Жон Илийнх шиг тухлаг биш” хэмээсэн удаатай. Өмнөд Солонгосын “Чусон Илбу” өдөр тутмын сонинд нийтэлснээр бол тус галт тэрэг дотор орчин үеийн нимгэн хавтгай зурагт, хиймэл дагуулын утас, хурлын өрөө, унтлагын өрөө бий. Харин Ким Жон Уны хөлөглөсөн бусад хөсгийн тухай дурдвал, 2018 оны тавдугаар сард Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзахдаа Даляны хот руу анхны олон улсын нислэгээ үйлджээ. Тухайн үед түүний суусан онгоц ЗХУ-д үйлдвэрлэсэн “Ил-62” байв. Мөн 2018 оны гуравдугаар сард Ким Жон Ун Бээжинд дээрх галт тэргээр хүрч очсон ч хувийн “Mercedes-Benz S-Class” автомашинаа мөн хөлөглөж байв. Тус автомашин нь 1.8 сая доллар буюу хоёр тэрбум воны өртөгтэй бөгөөд 2010 онд үйлдвэрлэжээ. Тэрбээр уг унаагаараа 2018 онд Панмүнжунд болсон дээд хэмжээний уулзалтад очиж, бие хамгаалагчдаараа хүрээлүүлэн өөрөө жолоодож байсан юм. Мөн Хойд Солонгосын төрийн мэдлийн хэвлэлүүд Ким Жон Ун завь, далайн шумбагч онгоц, автобус, дүүжин тээврээр зорчиж буйг харуулж байлаа.