Казахстан улс БНХАУ-тай хиллэдэг Достык боомт руу чиглэсэн төмөр замаа хос болгохоор барилгын ажлаа эхлүүлжээ. Энэ нь, хуучин гол замын хүчин чадлыг тав дахин нэмэгдүүлэх юм байна. Тодруулбал, тухайн хэсэгт хоногт 12 хос галт тэрэг нэвтрэн өнгөрдөг байсан бол хос замтай болсноор 60 хос галт тэрэгт хүрч өсөх боломжтой гэж тооцов. Энэхүү төсөлд Караганда мужийн Достыкаас Мойынты хүртэлх төмөр замын шугам багтаж байгаа юм. Шинэ төмөр замын барилгын ажил энэ сарын 17-нд эхэлсэн. “Ингэснээр тус чиглэлд экспортлогчдын тээврийн асуудлыг бүрэн шийдвэрлэх болно” гэж Казахстаны Ерөнхий сайд Алихан Смаилов мэдэгдэв. Түүгээр барахгүй Достык нь Евразийн тээврийн гол хилийн боомтуудын нэг болох Алашанькоутай зэргэлдээ оршдог. Тиймээс хүчин чадлыг нэмэгдүүлэх нь "Шинэ торгоны зам"-ын хөдөлгөөнд ашигтай. Казахстаны Ерөнхий сайдын хэлснээр, шинэ төмөр зам нь нийт 836 км урттай бөгөөд дотоодын бүтээгдэхүүнийг тасралтгүй экспортлох, улс орны дамжин өнгөрөх боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Тус төслийн хүрээнд 419 инженерийн байгууламж (5 том гүүр, 87 жижиг дунд гүүр, 288 ус дамжуулах хоолой, 14 авто замын гүүрэн гарц), эрчим хүч, харилцаа холбооны шинэ байгууламжууд баригдана. Төслийг 2025 оны IV улиралд дуусгахаар төлөвлөсөн. 

Өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ

Казахстаны хувьд дамжин өнгөрөх тээврээ нэмэгдүүлэх нь стратегийн хувьд ач холбогдолтой. Тус улсын Ерөнхийлөгч Токаев “Сүүлийн таван жилд тус улсын чингэлгийн дамжин өнгөрөх тээвэр 4.4 дахин нэмэгдсэн. Энэ онд экспортын барааны эргэлт 74 тэрбум тонн/километр давж, өнгөрсөн оныхоос 11 хувиар өссөн байна” гэв. Эрэлт өссөөр байгаа ч дэд бүтэц нь үүнийг даван туулж чадахгүй байгаа тул шинэ дэд бүтцийн бүтээн байгуулалт нь Казахстаны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх болно. Тус улсын транзит тээврийн хүсэл эрмэлзэл нь зөвхөн Достык-Мойынты гэсэн хэсэгт хязгаарлагдахгүй. Саяхан Казахстан улс БНХАУ-тай хиллэдэг гурав дахь боомтоо нээсэн бөгөөд энэ нь Тачен, Шинжаан, Казахстаны Абай мужийн Бакту боомт хооронд, хоёр улсын хооронд одоо байгаа хоёр төмөр замын боомтын хойд талд байрладаг.

Б.МӨРӨН