Саяхан аадар бороо орсны улмаас ӨМӨЗО-ны Ухай баруун өртөөнөөс Бээжин хотыг зорьж хөдөлсөн К396 галт тэрэг Бээжингийн Мэньтөүгөү дүүргийн Лүөполин галт тэрэгний буудалд зогсохоос өөр аргагүйд хүрчээ. 900 гаруй зорчигчийн аюулгүй байдал нь олон хүний зүрх сэтгэлийг түгшээж байлаа. Уг нь К396 галт тэрэг 7-р сарын 29-ний орой Ухайн баруун өртөөнөөс хөдөлж, 7-р сарын 30-ны өглөө Бээжингийн Фэнтай өртөөнд ирэх ёстой байсан юм. Гэтэл Фэнтай өртөөнөөс 70 хүрэхгүй километрийн зайд орших Лүөполин өртөөнд гэнэт хүчтэй аадар бороо орсны улмаас галт тэрэг зогсож, зорчигчид галт тэргэндээ гацсан байна. 8-р сарын 1-ний үдээс хойш авран туслах анги болон Бээжингийн Зэвсэгт цагдаагийн цэргүүд К396 галт тэрэгний зорчигчдод эхний багц тусламжийн бараа хүргэв. Тэр шөнөдөө зэвсэгт хүчний 500 цагдаа хоол хүнс, хувцас, эм тариа зэрэг тусламж үзүүлэв. Маргааш нь 8-р сарын 2-ны үүрээр, эхний ээлжинд 328 зорчигчийг уулнаас буулгаж, Бээжингийн Фэнтай өртөөнд хүргэв. Одоогоор аадарт өртсөн, үерт хоригдсон бүх зорчигчдыг амжилттай шилжүүлээд байна.