Нүүр Боловсрол Их сургуулийн дипломтой анхны оюутнууд төгслөө
Боловсрол

Их сургуулийн дипломтой анхны оюутнууд төгслөө

G.Press 3 сарын өмнө 96 үзэлт 0 сэтгэгдэл

 

Өнгөрсөн жил Төмөр замын дээд сургууль Их сургууль болж шатлал дээшилж, магадлан итгэмжлэгдсэн билээ. Тус их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улирлын анхны төгсөлтийн баяр энэ сарын 10-нд Ган зам паласт боллоо.

Энэ удаад Төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалт хөтөлбөрөөр 34 оюутан, Зүтгүүр, зүтгүүрийн аж ахуйн хөтөлбөрөөр 12, Вагон, вагоны аж ахуйн хөтөлбөрөөр 18, Барилга, зам, замын аж ахуйн хөтөлбөрөөр 18, Автомат ба телемеханик холбоо хөтөлбөрөөр зургаа, Цахилгаан хангамж, машин ашиглалт хөтөлбөрөөр нэг, Логистик менежмент хөтөлбөрөөр хоёр оюутан, нийтдээ  94 оюутан ТЗИС-ийн анхны  төгсөгчид болж, дипломоо гардан авлаа.

Төмөр замын их сургууль нь Монгол Улсын төмөр замын салбарын хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэх чиглэлээр, өндөр чадавхтай, өрсөлдөхүйц хүний нөөцийг системтэйгээр блтгэхийн тулд 2025 онд төмөр замын мэргэжлээр суралцаж буй суралцагчдад УБТЗ-ын нэрэмжит тэтгэлэг олгож эхэлсэн. Үндэсний болон олон улсын өндөр мэргэшсэн багш, судлаачдыг татах зорилгоор салбарын докторуудыг гэрээт багшаар ажиллуулж, гадаадын эрдэмтэн багш нарын сургалт зохион байгуулах зэргээр мэдлэг солилцоог өргөжүүлж байна.

Сургалтын материаллаг болон технологийн орчинг сайжруулахын тулд дотуур байрны засвар, байгалийн ухааны лабораториуд, цахим студийг шинэчлэн байгуулсан. Салбартаа манлайлахуйц өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг татах, хадгалах, хөгжүүлэхийн тулд докторын сургалтын тэтгэлэг, олон улсын WoS, Scopus сан, нээлттэй мэдээлийн санд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлж иржээ. Гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд БНСУ-ын Халла, Дунянь их сургуулиудтай хамтын ажиллагаа тогтоож, БНХАУ-ын Бугатын хотын төмөр замын коллежтой багш оюутан солилцоо, ОХУ-ын Зам, харилцааны их сургуулиудын зочин багш нарын хичээл зохион байгуулах зэрэг ажлыг хийж байна.

Төгсөлтийн ёслолд ЗТХЯ, Төмөр замын газрын төлөөлөл, УБТЗ-ын удирдлагууд, ТЗИС-ийн Удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш, төгсөгч оюутнууд тэдний ар гэрийнхэн оролцлоо.

 

 

Г.Энх

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.