Нүүр Сурвалжилга Ю.Энхтуул: Хүн ажлыг голно уу гэхээс ажил хүнийг голдоггүй
Сурвалжилга

Ю.Энхтуул: Хүн ажлыг голно уу гэхээс ажил хүнийг голдоггүй

G.Press 1 жилийн өмнө 213 үзэлт 0 сэтгэгдэл

 

УБТЗ-ын Зорчигчийн вагон депогийн ахлах мастер Ю.Энхтуултай уулзаж ярилцсан юм.

 

-Сайн байна уу. Та өөрийгөө товч танилцуулна уу?

 

-Намайг Ю.Энхтуул гэдэг. Би гурван үе дамжсан төмөр замчин. Өвөө Б.Жамъянхорлоо,  аав Ж.Юра  нар Зам засварын машинт станцад олон жил ажилласан. Төмөр замдаа хайртай, бахархдаг. Гэр бүлийн хүнийг Г.Аюурзана гэдэг. Засварчин, галт тэрэгний мастер, урсгал засварын, цахилгааны цехийн мастер зэргийг 29 дэх жилдээ хийж байна. Гурван сайхан хүүтэй. Би 1998 оноос Зорчигчийн вагон деподоо үйлчлэгчээс авахуулаад нярав, нягтлан, ээлжийн, ахлах мастераар ажиллаад 28 жил болж байна.

 

-Таны дурсамжийн галт тэргээр хэсэг аялах уу. Сонирхолтой санагдаж байна?

 

-Миний бага нас төмөр замын өртөө зөрлөгт өнгөрсөн. Ээж аав маань Зам засварын машинт станцад ажилладаг байсан болохоор үргэлж нүүдэллэнэ. Харин сургуульд ороод үед эмээ, өвөө дээрээ ирж  Амгалангийн төмөр замын хоёр давхар байранд амьдарч, 69 дүгээр дунд сургуульд орсон. Эцэг эхээс дөрвүүлээ,  би айлын том нь. 1986 онд аав, ээж хоёрыг төмөр замд олон жил ажилласныг үнэлж байр өгснөөр манайх Барс захын хойд талын есөн давхарт нүүж ирсэн. Би 73 дугаар сургуульд шилжин ирж аравдугаар ангиа төгссөн.  Эмэгтэй хүүхдүүд Төмөр замын коллежийн ашиглалт, холбооны ангийг их сонгодог. Вагоны анги авах гэтэл оноо арай хүрээгүй. Чулуун багш маань машин механизмын анги зүгээр. Эмэгтэй хүн аль болох хөрвөдөг мэргэжил сонгох хэрэгтэй гэсний дагуу ангиа сонгоод гурван жил суралцсан. Ер нь суралцах явцад эмэгтэй хүүхдэд хүнд талдаа болоод ирсэн. Яг тэр үед үйлчлэгчийн гурван сарын курс нээгдэж зоригтой шийдвэр гаргаж ангиа сольсон. Вагоны үйлчлэгч нар шинель шиг гоё дүрэмт хувцастай цай зөөгөөд л их гоё харагддаг байсан ч нөлөөлсөн. Намайг их сайхан хамт олон угтсан. Төмөр замыг сонгосондоо, хүнд хүчир ажил хийж байна гэж огт бодож байгаагүй. Ажлын ард  гарна, болгоно, бүтээнэ, хийнэ, чадна гэсэн хүсэл эрмэлзэлтэй явсаар өдийг хүрсэн. 1998 оны гуравдугаар сарын 28-нд Эрдэнэт-Замын-Үүдийн чиглэлд Мөнхтөр даргын удирдлагад аялалд гарч байсан. Вагондоо хогтой нүүрс түлэхгүйг хичээж, хэдийгээр нүүрсчид нүүрсээ авчирч өгдөг ч арай чанартай хоггүй нүүрс түлэхийн тулд өөрсдөө нүүрсээ үүрч зөөх нь их. Үйлчлэгч нар цагаан хэрэглэлээ авчирч тушаана, буцааж цэвэр даавуугаа үүрээд л явдаг байлаа. Одоо үйлчлэгчид зэхэлтийн машинтай болсон. Үйлчлэгч нярваас цагаан хэрэглэлээ тоолж аваад зэхэлтийн машинд ачаад вагон дээрээ хүргүүлдэг болсон. 19 настайгаасаа вагоны үйлчлэгчээс ахлах мастер хүртэл ажиллаж байгаадаа бахархаж тэтгэвэрт суух хүртлээ өөрийн хүчээ дайчлан ажиллана даа.

 

-Зэхэлт бэлтгэлийн цехэд хөрөнгө оруулалт хэр хийгдэж байна вэ?

 

-Вагоны зэхэлтийг шинэчлэх, зорчигчдын сэтгэлд хүрсэн зүйлээр үйлчлэх, бүтээгдэхүүнийг нэр төрлийг нэмэгдүүлж, сайжруулахаар зорьж ажиллаж байна. Орчин үеийн тоног төхөөрөмжөөр 70 хувиа шинэчилсэн. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу долоон угаалгын машиныг шинээр авсан. Ажлын хэрэгцээ шаардлага их байгаа учраас ашиглах хугацаа дууссан хуучин тоног төхөөрөмжөө ч хэрэглэж байна. Сүүлийн хоёр жилд унтлагын вагоны цагаан хэрэглэлийг 100, зөөлөн эдлэлийг 50 хувь шинэчиллээ.  Зарим эд хэрэглэл алдагдаг тул чиптэй болгосон. Өнгөрсөн жил хангамж, хог тээврийн, зэхэлтийн автомашинтай болсон. Анх намайг ажилд ороход ганц уурын индүү, угаалгын машин, сэгсрэгчтэй байсан. Одоо сайхан өргөжсөн. 60-70 ажилтантай болсон. Зөвхөн галт тэрэгний зэхэлт гэлтгүй засварын цехэд харьяалалтай бүх хүнд хөдөлмөр хамгааллын хувцас, түүнд шаардлагатай цэвэрлэгээний материалаар хангадаг цех болж өргөжсөн. Агуулах, Угаалгын цехтэй болсон. Нүүрсний агуулах, автомашины гараж зэрэг байгууламж баригдаж өргөжсөн. Дахин хоёр угаалгын машин, хатаагчийг шинэчлэхээр төлөвлөгөөнд оруулж тусгуулсан.

 

-Ямар хүндрэлтэй асуудал гарч байна уу. Зэхэлт бэлтгэлийн цехэд тогтвортой суурьшилтай ажилласан хэчнээн ажилтан байдаг вэ?

 

-Зорчигч цагаан хэрэглэлийг бохирдуулах асуудал гарсаар байна. Сүүлийн үеийн хүнсний бүтээгдэхүүн тод өнгө будагч ихтэй болж. Дээр нь арилахгүйгээр толбо тогтох, жинс болон хар хувцас  цагаан хэрэглэл дээр толбо  үлдээдэг. Мөнгөө төлөөд үйлчлүүлж байгаа юм чинь яасан ч яахав гэсэн байдлаар хандаж зарим нь аваад буучихна, урж тасдана. Хэрэглээний тал дээр зорчигч нарт дутагдал байсаар байна. Үүнээс болж бидний ажил хүндэрдэг. Хэрэглэсэн бохироо бид толботой, толбогүйгээр нь ялгадаг. Толботой даавууг гар аргаар угаадаг. Арилахгүй тохиолдолд шинээрээ шахуу даавууг актанд гаргадаг. Ажлын нөхцлийг сайжруулах арга хэмжээ авч байгаа. Угаах хэсгийг сайжруулж агааржуулалтыг хийж өгсөн. Өмнө нь гараар толботой даавууг ванн дотор дэвтээж байгаад угаадаг байхад хөдөлмөр хамгааллын бээлий хүртэл тэсдэггүй байсан. Уурын цахилгаан индүүчин 11 цаг зогсоогоор ажилладаг зэрэг ажлын нөхцөл хүнд. Тиймээс сэлгэж ажиллуулах зэрэг хөдөлмөр зохицуулалтыг хийдэг. Зорчигчдод санамж, мэссэжийг үргэлж өгч баймаар санагддаг.

Зэхэлт бэлтгэлийн цехэд ажлын нөхцөл байдлаас шалтгаалж хүмүүс тогтвортой ажиллах нь тааруухан. Хамгийн хөдөлгөөнтэй цех. Шинээр ажилд орохоор ирсэн, юугаа ч мэдэхгүй хүмүүсийг цехээрээ дагуулж яваад танилцуулга хийдэг. Учир нь тэр хүмүүс манай ажлын онцлог, үйл ажиллагааг мэдэхгүй учраас шийдвэрээ гаргаж чадахгүй тохиолдол гардаг.  Ажлын нөхцөл хүнд, ажилчдын цалин хөлс бага байна. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилчдын цалинг нэмэгдүүлэх шаардлагатай. Тэгвэл хүмүүс тогтвортой ажиллана. Ажлын бүтээмж дээшилнэ, чанаржина. Ажилчдын нийгмийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлүүлэх, ая тухтай амраах зэрэг олон ажил төлөвлөсөн.  Ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхээр санал хүсэлтээ өгсөн.

 

-Ахлах мастерын ажлын өдөр хэрхэн өрнөдөг вэ?

 

-Өглөөний ээлжийн графикаар ажиллаж байгаа ажилчдадаа 07:45 цагт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, тухайн ажилчидтай холбоотой нарядыг танилцуулна. Вагон депогийн нэгдсэн зөвлөгөөнд сууна. Тэндээс үүрэг даалгавар авна. Энд болохгүй байгаа асуудлаа уламжилж танилцуулна. Харилцан ярилцаж, тэндээсээ үүрэг чиглэл аваад ажилчдадаа ирж танилцуулна. Угаагч, индүүдэгч, бохир хүлээн авагч, толбо угаагч, багцлагч, жолооч, нүүрсээр зэхэгч, оёдолчин, засварчин, үйлчлэгч, нярав зэрэг 17 ажил мэргэжлийн ажилтнуудад ажлын технологи, чиг үүрэгт тааруулж өдөр тутмын зааварчилгааг өгнө. Ээлжийн  хоёр ахлагч, бригадын даргадаа үүрэг чиглэл өгнө. Ерөнхий удирдлагаар хангаж, хяналт тавьж ажилладаг. Хүн ажлыг голно уу гэхээс ажил хүнийг голдоггүй. Миний хувьд ажлын гараагаа сайхан эхэлсэн болохоор ажлыг хүндээр тусгаж хүлээж авдаггүй. Одоо бодоход хүнд хүчир ажил хийж байсан байгаа юм. Олон сайхан дарга удирдлага, ах, эгч нартай ажиллаж, үргэлж суралцсаар ирсэн. Тэр зарчмаараа л хамт олонтойгоо ажиллаж байна. Ажил удирдагч гээд л зааварлах, дарамтлах биш хамтраад ажиллачих юмсан. Өглөө бүрийг ажлын дарамт шахалтгүй, стрессгүй ажлыг нь тайван эхлүүлэхийг зорьдог. Уур уцааргүй өглөөг эхлүүлбэл ажил аяндаа бүтдэг. Тэгсэн ч хараа хяналтаа хэзээ ч орхигдуулдаггүй. Захиргаа явж ажлаа хөөцөлдөх завсраа ажилчдаа ороод л харчихдаг. Ажил удирдагч гэлтгүй сайхан харилцан ярилцаж, аяга цайгаа хувааж уухдаа тухайн хүнийхээ байр байдал, амьдрал ахуй нь ямар байгааг хардаг. Ялангуяа өглөө андашгүй байдаг.  Хүмүүсийн биеийн хэлэмжээр байгаа байдал нь тодорхой харагддаг. Нойр дутуу ядарсан бол эвшээгээд л, ар гэртээ асуудалтай байгаа бол байсхийгээд утсаа ухаад л анхаарал төвлөрөхгүй байх жишээтэй. Өглөө өндөр дуугаар ярьчихвал хоёр цагийн дараа цехээр орж, тайвшруулах,  дэмжээд өгөх зарчмаар ажил үүргээ явуулж байна. Энэ маань ч үр өгөөжөө өгч тайван нөхцөлд ажлаа хийцгээдэг.

 

-Ярилцсанд баярлалаа.

 

П.Түмэндэмбэрэл

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.