Иргэдэд олгосон зээлийн өсөлтийн хурд 2022 оны эцсээс хойш эрчимжжээ
2023 оны эцсийн байдлаар банкны салбарын хэмжээнд зээлийн өрийн үлдэгдэл 27.4 их наяд төгрөг болж өмнөх оноос 23.1 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Нийт зээлийн үлдэгдлийн 57 хувийг иргэд, 41.9 хувь нь хувийн байгууллага, 0.4 хувь нь Төрийн байгууллагын зээл бүрдүүлж байна. Үүнийг өсөлтөөр нь харьцуулбал иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 15.6 их наяд төгрөг болж, өмнөх оноос 32.4 хувиар өсжээ.
Иргэдэд олгосон зээлийн өсөлтийн хурд 2022 оны эцсээс хойш эрчимжсэн байна. Үүнд хадгаламж барьцаалсан болон тэтгэврийн зээлийн өсөлт гол жин дарж байгаа аж. Үүнийг дагаад импортын бүтцэд удаан эдэлгээтэй бараа буюу цахилгаан бараа, ахуйн хэрэгсэл, автомашины импорт нэмэгдэх хандлагатай байгааг Монголбанк тодотгож байсан юм.
Хэрэглээний зээлийн өсөлт энэ хэвээр хадгалагдах тохиолдолд хэрэглээний өсөлт үргэлжлэх, өрийн дарамт, төлбөрийн тэнцэлд сөрөг нөлөөтэй тул 2024 онд бодлогоо үүнд чиглүүлэхээ мэдэгдэж байв. Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, түүнээс хэтэрч байгаа тэтгэврийн зээлд эрсдэлийн жин өндөр байх бодлогын тохиргоо хийгээд байгаа юм.
Хувийн байгууллагад олгосон зээлийн өсөлт жилийн 13 хувь нь буюу бараг 2.5 дахин доогуур байгаа аж. Өөрөөр хэлбэл бодлогын хүү сүүлийн дөрвөн улиралд 13 хувьд хэвээр хадгалагдаж байгаа нь хувийн байгууллагын зээлийн өсөлт саарахад гол нөлөө үзүүлж байгааг эдийн засагч Ч.Хашчулуун тодотгож байлаа.