“УБТЗ” ХНН, БНСУ-ын “Эмч нарын нээлттэй нийгэмлэг”-тэй өнгөрсөн онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Төв эмнэлгийн “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны төвийг ашиглан Замын-Үүд, Сайншанд болон Чойр өртөөнд эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ, зөвлөгөөг зохион байгуулах тухай гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээ нь говийн төмөр замчид тэдний гэр бүлд дэлхийн жишигт нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэг дороос чанартай хүртээмжтэй хүргэх, БНСУ-ын эмч мэргэжилтнүүдтэй УБТЗ-ын Төв эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнууд туршлага солилцох мөн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөөний чанарыг сайжруулах зорилготой юм.
УБТЗ-ын Төв эмнэлгийн нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон БНСУ-ын “Эмч нарын нээлттэй нийгэмлэг”-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ирэх тавдугаар сард урд замд ажиллахаар төлөвлөж байна.