“Mongolian Mining Corporation”-ийн 2024 онд эргэн төлөгдөх бондын үлдэгдэл 350 сая 249 мянган ам.доллар байна. Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” компани 2024 онд эргэн төлөгдөх бондынхоо 5.95 хувийг буцаан худалдан авснаа мэдээллээ. Ингэснээр тус компани нээлттэй зах зээлээс нийт 26 сая 160 мянган ам.долларын бондоо эргүүлэн худалдан аваад байна. Түүнчлэн 2024 онд хугацаа нь дуусах энэхүү бондоос цаашид дахин эргүүлэн худалдан авах эсэх нь тодорхойгүй болохыг “Mongolian Mining Corporation” мэдээллээ. Тодруулбал: дахин буцаан худалдан авах худалдан авалтын хэмжээ, хугацаа болон үнийн хувьд тодорхойгүйгээс гадна худалдан авах эсэх нь ч баталгаагүй болохыг мэдэгдээд байна. Энэхүү шийдвэрийг “Mongolian Mining Corporation”-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл гаргана гэж тус компани бонд эзэмшигчдэдээ болон боломжит хөрөнгө оруулагчдад мэдэгдлээ. Иймээс хөрөнгө оруулагчид тус компанийн 2024 онд эргэн төлөгдөх бондтой холбоотой хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах бол энэхүү хүчин зүйлсийг харгалзан үзэхийг сануулжээ. Энэхүү мэдээлэл гарах үед тус компанийн 2024 онд эргэн төлөгдөх бондын үлдэгдэл 350 сая 249 мянган ам.доллар байна.
