Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков 39 дүгээр долоо хоногийн нэгдсэн хурлыг удирдлаа. Тайлант долоо хоногт гологдолгүй ажиллажээ. Өнгөрсөн оны мөн үед 44 гологдолтой байсан бол энэ оны мөн үед 33 болж, 11 гологдлоор бууруулж ажилласан байна. Дутагдлын хувьд өнгөрсөн онд 412 байсан бол энэ оны мөн үед 420 болж найман нэгжээр нэмэгджээ. Тэр дундаа Зүтгүүрийн аж ахуйн алба өмнөх оноос 34 нэгжээр нэмэгдэн 187 дутагдал гаргасан байна. Тиймээс яагаад дутагдал нэмэгдүүлсэн тайлбараа гаргаж өгөхийг Замын нэгдүгээр орлогч дарга тус албаны даргад үүрэг болголоо. Түүнчлэн, цаашид гологдол гэж нэрлэхгүй осол, зөрчил гэж бүртгэж байхаар болжээ. Тиймээс энэ оныг дуустал гологдлоор нь бүртгэж, ирэх нэгдүгээр сарын 1-нээс шинэ нэршлээр явах нь зүйтэйг Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн хэлж, “Цаашид хаа хаанаа анхаарал болгоомжтой ажиллахгүй бол шууд зөрчлийн хуулиар арга хэмжээ авдаг болно” гэдгийг анхааруулав. Тээврийн хувьд оны эхнээс энэ сарын 24-нийг дуустал 25182.7 мянган тонн ачаа тээвэрлэж, 105.5 хувиар биелүүлжээ. Энэ нь төлөвлөгөөтэй харьцуулбал 1326.7 мянга, өмнөх оны мөн үеэс 1473.4 мянган тонноор тус тус давуулсан үзүүлэлт аж. Мөн хугацаанд 17856.3 мянган тонн ачаа ачиж, 106.9 хувиар биелүүлсэн байна. Энэ нь төлөвлөгөөг 886.3 мянга, өмнөх оны мөн үеэс 1154.4 мянган тонноор тус тус давуулсан амжилт юм. Тайлант долоо хоногт 6176 вагон буулгаж, хоногт дунджаар 72 вагон илүү буулгажээ. Орон нутгийн 276000, транзит 87300, экспорт 247600, импорт 402500 тонн буюу нийт 713800 тонн ачаа тээвэрлэжээ. “Эрдэнэт” үйлдвэр төлөвлөгөөний дагуу 704 вагон ачсан байна. Харин “Багануур” ХК төлөвлөгөөнөөс долоон вагон дутуу буюу 4625, “Шивээ-Овоо” ХК 131 вагон дутуу буюу 2317, “Шарын гол” ХК 36 вагон дутуу буюу 1758 вагон ачжээ. Уурхайн техникт засварын ажил хийсэн, цахилгааны гэмтэл гарсан зэрэг шалтгаанаар төлөвлөгөөндөө хүрээгүй гэсэн тайлбарыг уурхайнхан өгсөн байна. Тиймээс Тээвэр зохион байгуулалтын албаны дарга хүйтний эрч чангарахаас өмнө ачилтаа шахаж дулааны цахилгаан станцуудын нөөцийг бүрдүүлэх шаардлагатай гэдгээ хэлснээ дуулгалаа. Тээврийн чанарын үзүүлэлтээр хэсгийн хурдыг тайлант долоо хоногт төлөвлөгөөг 39.20 км/цагаар биелүүлжээ. Төлөвлөгөөтэй харьцуулахад 0.20 км/цагаар удааширч, 99.49 хувиар биелэв. Зурмагийн тасалдлаас шалтгаалан 16 галт тэрэг 1242 минут зогссон байна. Үндсэндээ тайлант долоо хоногт зурмагийн тасалдал их байснаас хэсгийн хурд удааширчээ. Галт тэрэгний дундаж жин 3307.24 тонн болж, төлөвлөгөөнөөс 67.24 тонноор өсөж, 102.8 хувиар биелсэн ч өмнөх долоо хоногоос 82.52 тонноор буурав. Зүтгүүрийн бүтээмж 1478.11 мянган бохир тонн/км болж, төлөвлөгөөнөөс 18.11 мянган бохир тонн/км ээр нэмэгдэж, 101.24 хувиар биелсэн ч өмнөх долоо хоногоос 74.35 мянган бохир тонн/ км-ээр буурчээ. Вагон эргэлт 3.9 хоног болж төлөвлөгөөнөөс 0.6 хоногоор хурдассан байна. Галт тэрэг солилцоо ч бүх талдаа буурсан үзүүлэлттэй гарлаа. Тодруулбал, Замын-Үүд Эрээний өргөн царигаар 111 галт тэрэг /729.8 вагон/ хүлээн авч, 109 галт тэрэг /691.8 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 15.5-15.8 галт тэрэг болов. Нарийн царигаар 49 галт тэрэг /379.7 вагон/ хүлээн авч, 49 галт тэрэг /376.5 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо долоон галт тэрэг боллоо. Сүхбаатар-Наушкиар 47 галт тэрэг /331.8 вагон/ хүлээн авч, 44 галт тэрэг /298.8 вагон/ хүлээлгэн өгч, хоногт дунджаар 6.2-6.7 галт тэрэг солилцсон байна. Тайлант долоо хоногт чингэлгийн 57 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос хоёроор дутуу, оны эхнээс нийт 2854 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 76 галт тэргээр давуулсан үзүүлэлт юм. Замын-Үүдийн Шилжүүлэн ачих анги транзитын 1749, импортын 556 чингэлэг шилжүүлэн ачсан нь транзит өмнөх долоо хоногоос 390-ээр буурч, импорт 178 чингэлгээр өссөн байна. Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 385 чингэлэг, 2193 вагон ачаа байна. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрээс өчигдрийн байдлаар 44 галт тэрэг буюу 1445 вагон, 96954 тонн мидлинг тээвэрлэжээ. Үлдсэн 80 гаруй мянган тонныг хүйтний эрч чангарахаас өмнө тээвэрлэж дуусгах юм байна. Түүнчлэн, Замын болон Дохиолол холбооны албаны дарга нар ажлаа танилцууллаа. Замын аж ахуйн албаны дарга З.Отгонтөрийн танилцуулснаар тус алба он гарсаар таван гологдол, 30 дутагдалтай ажиллаж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс гологдол дөрвөөр бага, дутагдал нэгээр давсан үзүүлэлт юм. Харин хурц гэмтлийн тоо өмнөх оноос 247 нэгжээр буурч 344, замын баллыг энэ оны төлөвлөгөөнөөс 10 нэгжээр бууруулан 19 тэй арчилж байгаа аж. Энэ онд 46 км зам шинэчлэхээс 35.5 км-ийг нь шинэчилснээр одоо зургаан цонхны ажил үлдсэн байна. Харин Дохиолол холбооны алба оны эхнээс 36 гэмтэл гарсан нь өмнөх оны мөн үеэс хоёроор, зурмагийн 25 тасалдал гаргасан нь наймаар тус тус их байгааг танилцуулав. Хурлын төгсгөлд Замын нэгдүгээр орлогч дарга өвлийн бэлтгэлээ сайтар хангаж ажиллахыг нийт удирдлагуудад үүрэг болголоо.
М.НАРАНБОЛД
