Эрхүү хотод хүүхдийн төмөр замын Кванториум технопаркийн талбайд "Инженерийн амралт" ажил мэргэжлийн чиг баримжаа олгох төсөл үргэлжилж байна. Үүнд Эрхүү муж, Буриад улсын 250 гаруй сургуулийн сурагчид оролцож байна гэж Зүүн Сибирийн төмөр замын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Мэргэшсэн ээлжийн хөтөлбөрт оролцогч хүүхдүүд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалал, өртөөний цогцолборыг шинэчлэх асуудалд чиглэсэн санаануудыг танилцуулж, өөрсдийн өвөрмөц төслүүдийг бэлтгэдэг.

Сургуулийн сурагчид төмөр замын гарам дахь дохиоллын системийг шинэчлэх, аюулгүй байдлын интерактив зааварчилгааг нэвтрүүлэх, вокзалуудын навигацийн системд нэмэлт бодит байдлын технологийг нэвтрүүлэхийг санал болгов.

"Инженерийн амралт"-ын үр дүнд бүтээлч санаанууд бүрэлдэж, эцсийн боловсруулалт хийсний дараа төмөр замын сүлжээнд хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг бий болгоно.

Боловсролын үйл явцаас гадна хүүхдүүдэд зориулсан хөгжөөнт хөтөлбөр, сургалт, мастер анги, мөн тэдний бүтээлч чадавхийг хэрэгжүүлэх хичээлүүдийг зохион байгуулдаг. Энэхүү хөтөлбөр нь долдугаар сарын 21 хүртэл үргэлжлэх аж. Нийтдээ Северобайкальск, Таксимо, Новый Уоян, Магистральный, Усть-Кут, Танхой, Вихоревка, Слюдянка, Тайшет, Эрхүүгийн сургуулийн сурагчдыг нэгтгэх 11 ээлжээр хичээллэхээр төлөвлөж байна.

"Инженерийн амралт" хөтөлбөр нь Оросын төмөр замын тэргүүлэх сургуулиудын сурагчдад зориулсан сүлжээний арга хэмжээ юм. Хөтөлбөрийн гол зорилго нь “Хүүхдүүдэд төмөр замын тээвэрт мэргэжлийн чиг баримжаа олгох, инженер техникийн бүтээлч ажилд татан оролцуулах” ажээ.