УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэнгийн санаачилгаар УБТЗ-ын инженер техникийн ажилтнуудыг олон улсын ахисан түвшинд бэлтгэх хөтөлбөр хэрэгжиж байгаа билээ.
Уг ажлын хүрээнд УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга А.Батболд, Дунъян Их Сургуулийн ерөнхийлөгч Чой Сон Хэ нар энэ сарын 3-ны өдөр БНСУ-ын Ёнжу хотноо уулзаж гэрээ хийлээ.
УБТЗ ХНН болон БНСУ-ын Дунъян Их сургууль хамтран төмөр замын мэргэжлээр инженер, техникийн ажилтан бэлтгэх тэтгэлэгт хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Гэрээг үзэглэхэд Замын даргын ажлын албаны дарга С.Сумьяадорж болон тус их сургуулийн холбогдох хүмүүс оролцлоо. Хоёр тал олон улсын түвшний төмөр замын дэд бүтцийн инженер бэлтгэх 1+3.5 хөтөлбөр хэрэгжүүлнэ. Үүгээр монгол оюутнууд Төмөр замын Их Сургуульд 1 жил суурь мэдлэгийн хичээл судалж, үлдсэн 3.5 жилд Дунъян их сургуулийн “Глобал төмөр замын дэд бүтцийн тэнхим”-д бакалаврын зэрэгт дэвшин суралцах юм.
Оюутнууд гурван жилийн турш 30 хувийн тэтгэлэгтэй суралцах ба амжилттай суралцаж байгаа таван оюутанд жил бүр “Замын даргын нэрэмжит тэтгэлэг”-ийг олгоно гэлээ.
Ёслолын үеэр Дунъян Их Сургуулийн Ерөнхийлөгч Чой Сон Хэ: “Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол, Солонгосын төмөр замын салбарын хамтын ажиллагааны бодит хөгжлийн шинэ эхлэл юм” гэсэн бол УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга А.Батболд: “Монголын оюутнууд хөгжингүй орны боловсролын орчинд төмөр замын инженерчлэл, менежментийн сүүлийн үеийн системд суралцах болсонд баяртай байна. Энэ нь УБТЗ-ын ажилтнуудын чадамжийг дээшлүүлэхэд томоохон түлхэц болно” гэв.
А.Батболд, С.Сумъяадорж нар тус сургуульд суралцаж байгаа монгол оюутнуудтай уулзаж, Монгол Улсын төмөр замын хөгжлийн чиг хандлага, өөрчлөлт шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, оюутнуудын сургалт, амьдралын нөхцөлийн талаар саналыг сонслоо.
Мөн тус сургуулийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгч нартай оюутнуудын сурлага, сургалтын орчин, нөхцөлийн талаар санал солилцож, зарим асуудлыг шийдсэн.
Талууд цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, нөхцөлийн талаар ярилцаж, тодорхой шийдлүүд дээр ажлын журмаар эргэж уулзахаар тохиролцлоо.
